Rich person=Rich country

Posted on August 22, 2008. Filed under: Develop/Success |

From: www.mongolmedee.net
Цагийн юм цагтаа сайхан

Шинэ он гарсны дараахан Австралийн шинэ Ерөнхий сайд уугуул иргэдээсээ уучлал гуйсан явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн сурталчлав. Юуны учир, яагаад уучлал гуйх болсныг хэн ч дурдсангүй. Асуудал их энгийн. Австралийн аборигенүүдийг “иргэншүүлж, соёлжуулах” гэж Европоос энэ тивд нүүдэллэн ирэгсэд хэт их хичээж, зарим талаараа улайрснаас уугуул иргэдийг “тэнэг балай, залхуу, ажилгүй, хүмүүжилгүй” гэж харааж загнах, ойлгох явдал ихэд дэлгэрчээ. Үнэн хэрэгтээ абориген хүн тэсч үлдэх, амь зуухын тулд өдөр болгон шаргуу хөдөлмөрлөж, амрах ч завгүй байгальтай тэмцэлдэж байдаг. Тэдний олон мянган жилийн амьдралын хэвшлийг нь орхиулж, шууд л үйлдвэржсэн нийгмийн иргэн болгох гэсэн европчуудын “сайхан сэтгэл” нь тэдэнд үл ойлгогдох, асар их дарамттай, доромж зүйл болон тусчээ.

Этногенезийн онолоор ч энэ нотлогддог. Этносфера буюу угсаатны давхарга нь байгаль, нийгмийн бодит үзэгдэл юм. Угсаатнаараа нэгдмэл ашиг сонирхол, эрмэлзлэлд хөтлөгдөхгүй л бол, жам ёсны замаа туулахгүй л бол хөндлөнгийн тулгалт, ганц нэг содон хүний амжилт нь угсаатны бүхэл шинж, өөрчлөлтийн тэмдэг болж чадахгүй. Аборигенчүүд байгалиас хараат байх үеэ даван туулж, үйлдвэржилтийн өмнөх шатандаа ороод дараа нь үйлдвэржиж байж л Европоос нүүдэллэн ирэгсдийн сайхан сэтгэлийг ойлгоно.

Хөгжлийн үе шатыг алгасах, харайх боломж үгүйн бас нэгэн нотолгоо. Өнөөдөр тод сонсогдох болсон “мэдлэгт тулгуурласан эдийн засаг, outsourcing, эрчимжсэн ХАА, Либертари үзэл, иргэний хяналт, өвчлөсөн хойно нь эмчлэх бус урьдчилан сэргийлэх” гэх зэрэг моодны үг хэллэгүүд нь монголчуудын хувьд чин үнэндээ цагаа олоогүй үгс юм.

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг бол үйлдвэржээгүй нийгэмд хэрэгжих огтхон ч бололцоогүй зүйл билээ. Үйлдвэржилтийн дараах үедээ орчихсон (хангалттай хуримтлал, чөлөө зав бүхий) нийгэмд л чанартай мэдлэг боловсролын тухай ярих боломжтой бөгөөд чанартай мэдлэгт тулгуурласан эдийн засаг цомхон, чадварлаг, үр ашиг өндөртэй чанартай мэдлэг эзэмших нь юуны өмнө цаг завтай байх асуудал юм.

Цаг завгүй, хоногийн хоолны тухай бодолд шаналсан хүнд гүнзгий мэдлэг эзэмших боломж байхгүй. Өнгөц мэдээлэл, сэтгэл хөдлөлөөр л оюунаа зогоодог. Хангалттай хуримтлалаас л цаг зав, сурах боломж олдоно. Тэгэхээр дунд давхарга олонхийг бүрдүүлсэн нийгэмд л (үйлдвэржсэн ба үйлдвэржсэний дараах) чанартай мэдлэг, түүнд тулгуурласан эдийн засгийн талаар ярих боломжтой. Хэдийгээр мянган хүнд оногдох их, дээд сургуулийн тоогоор бид дэлхийд тэргүүлэх шахуу ч боловсролын чанарын тухай ярихад хэцүү байгаа.

Чанартай мэдлэг бүхий иргэдтэй улс гүрнүүд “мэдлэг экспортлож” байгаагийн нэг хэлбэр нь outsourcing агаад энэ нь монголын боловсролын чанартай холбоотойгоор өнөө цагт хоосон зорилт хэвээр үлдэнэ. өөрийн хичээл зүтгэл, оюуны чадавх зэргээр outsourcing үйлчилгээ үзүүлэх хэмжээнд оччихсон арав, хорь магадгүй хоёр зуун хүн манай нийгэмд байгаа ч энэ нь нийгмийг хамарсан үзэгдэл болохын тулд эдийн засаг, хөгжлийн өргөн суурь хэрэгтэй. Нийгмийн багагүй хэсгийнхнийг хамарсан үзэгдлийн төвшинд outsourcing үйлчилгээ үзүүлэх цаг нь бидэнд хараахан ирээгүй байна.

Эрчимжсэн ХАА гэж үйлдвэржсэн ХАА-г л ойлгож байна. Хэдэн малаа өглөө хойд энгэр лүү туучихаад өдөржин гэрийнхээ үүднээс дурангаараа хариулах, хавар хэдэн үр булчихаад зун мартаад, намар зулгааж авах маягаар ХАА-г төсөөлөхөд бэрх болсон. Өнөөгийн үйлдвэржсэн ХАА бол нарийн тооцоо, судалгаа, мэдлэг, технологи дамжлага, тоног төхөөрөмж, ноу-хау, инженерчлэл, менежмент гээд үйлдвэрлэлийн бүхий л шинж чанарыг агуулсан салбар болсон.

“Атар газрыг ахин хагалаад эрчимжсэн ХАА-тай болчихлоо” гэж санах нь сэрүүн зүүд төдий юм.

Либертари үзэл, иргэний хяналт зэрэг нь чинээлэг дунд давхарга нийгмийн олонхийг бүрдүүлсэн улсуудад байдаг ойлголт, зорилт юм. Баян хоосны эрс ялгаа, ядуурал ихтэй нийгмүүдэд эдгээр үгс нь хоосон чамирхлаас хэтрэхгүй, харин ч эсрэгээр улс төрийн луйварчдын нэгнийгээ чадах, балбах хэрэгсэл болж хувирдаг. Нийгэм үйлдвэржсэнээр бюргер буюу дунд давхарга өргөжиж олонхи болох жамтай.

Үйлдвэржээгүй нийгмийн олонхийг ядуус бүрдүүлэхээс бус дундчуул цөөнх байдаг.
Хоногийн хоолоо яаж залгуулах вэ гэсэн дарамтат бодолд умбасан ядууст “төрийн олонхи үүргийг үгүйсгэх, иргэний эрхийг дээдлэх, төрд иргэд хяналтаа тавих, халамжаас татгалзах” мэтийн урианууд нь үл ойлгогдох, хачин зүйлс хэвээр үлдэх бөгөөд монголын иргэний нийгмийн “зүтгэлтнүүд” өнөөдөр “хаданд хашгирсаар” яваа билээ. Тэд юу ч хамаагүй хашгирснаар олны анхаарлыг татаж, сонгуульд оноо авна гэж бодож байгаагаас ярьж байгаа зүйлийнхээ биелэх боломжийг талаарогт бодохгүй байна.

Масс буюу олонхи бол эхлээд ухаарчихаад дараагаар нь үйлддэг бодгаль биш. Тэд шахуулж, хашуулж хийж байх явцдаа үйлдлийнхээ утга учрыг эргэцүүлж, ухамсарладаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, үйлдвэржилтийн хэмнэлд ороод амьдрал нь тогтворжоод ирэхийн алдад эрх, эрх чөлөө, иргэний нийгэм, төр ба иргэний харьцаа зэргийг эргэцүүлж эхэлнэ. Тэр болтол иймэрхүү зүйлс чихнийх нь хажуугаар өнгөрсөөр байх болно.

Уриа лоозонгоо ажил болгоё гэвэл чинээлэг дунд давхаргыг өргөтгөх, үүний тулд үйлдвэржих шаардлагатай байгаа юм.
Зөвхөн үйлдвэржилтийн үр дүнд л ажлын байр олноороо бий болж, цалин хөлс, орлогын тогтвортой өсөлт гарах бөгөөд ажилтай, цалинтай иргэдэд үзэл санаа, эрх, эрх чөлөөний тухай мэдрэмж, эрмэлзлэлүүд бий болдог. Үүнийхээ төлөө тэмцэх цаг зав, хамгийн гол нь ухамсартай болно.

“Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь таван мянган долларт хүрээгүй улсуудад ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй. Харин нэг хүнд ногдох ДНБ нь 20 мянган доллараас дээш гарсан улсууд ардчилалгүйгээр хөгжих боломжгүй юм” гэсэн нэрт эдийн засагч Д.Нортын дүгнэлтийг энд сануулах гэсэн юм.

Хангалттай орлого, цаг зав бүхий иргэдэд л аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж, нөхцөл жинхэнэ утгаараа олддог. Олонхиороо ядуу, амь зуух, тэсч үлдэх асуудал голлосон нийгэмд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь санаа байвч, сачий нь хүрэхгүй зорилт юм. Нэгдүгээр ангид дөнгөж орсон хүүхдийг “дээд математикийн бодлого бодож чадахгүй байна, долоон тийн ялгалаа ч мэдсэнгүй” гэж загнаж болохгүйтэй адил үйлдвэржээгүй, хангалттай хуримтлал, эдийн засгийн тогтвортой өсөлтөнд хүрээгүй, дунд давхарга байхгүй нийгмийн гишүүдээс тэдэнд ахадсан зорилт, ойлголт, ухамсрыг нэхэх, хоосон тунхаглах нь утгагүй юм.

Рок хөгжим нь маш их хотжсон, үйлдвэржсэн нийгмийн сэтгэл зүйн илэрхийлэл болж тэсрэн гардаг. Нүүдэл-чин малчдын удмынханы рок урлагт хүчээ өгөх гэсэн оролдлогууд амжилтгүй болсоор байгаагийн цаад шалтгаан нь рокжих “цаг нь болоогүй” байгаад л бий. Тийм ч учраас рок хамтлагууд нь арга буюу “Толгодыг дагаад шувууд буцлаа, ээжээ” гэж уянгалахад хүрдэг юм.

Цагийн юм цагтаа сайхан. Өнөөдрийн монголчуудад ажлын байр, тогтвортой орлого хэрэгтэй байна. Энэ хүслийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар л шийдвэрлэнэ. Уул уурхайн олборлолтод дэндүү найдах нь уршигт үр дагавар авчирдгийг бусдын туулсан зам харуулж байна. Үйлдвэрлэл хөгжүүлээд сүйрсэн улс ганц ч байхгүйтэй адил дан уурхайгаар хөгжчихсэн улс нэг ч алга. Цагаасаа түрүүлж сэтгэдэг болох гэж өвчигнөхийн оронд цаг үеийнхээ зорилтын амжилттай шийдвэрлэе гэж хэлэх гээд л үүнийг бичлээ.

Н.Бат

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: