Давхар санаа агуулсан айлчлалууд

Posted on August 8, 2008. Filed under: Business/Finance |

… Дэлхийн уул уурхайн номер нэг Австралийн “ВНР BiLLiton” компани хүртэл Монголд хоёр жил гаруйн өмнө салбараа нээж, стратегийн хөрөнгө оруулагч болохыг чармайж байна. …

From: http://www.sonin.mn/2008/08/08/5459/

Давхар санаа агуулсан айлчлалууд
• 2008.08.8, 10:51 • Өнөөдрийн Монгол

Монгол “моодонд” орж, мөнгөний их уурхай гэсэн ойлголтыг дэлхий дахинд төрүүлэх болов. Хөрөнгө оруулаач, хамтран ажиллая гэхээр зах зээл хумигдмал гэж аман дундуураа алгадуулдаг байсан үе ард үлдэж, өндөр хөгжилтэй гүрнүүд төдийгүй хөгжиж байгаа орнууд ч найр тавин хамтрахыг санал болгодог болжээ.
Хойд хөрш сүүлийн 10 гаруй жил Монголыг буурай орон гэж “тоохоо” больж социалист нийгмийн үед эзэгнэсэн орон зайгаа өмнөд хөршийнхөнд алдсан. Гэвч ойшоож харахаа больсон эртний хамтын ажиллагаатай орон нь алт, эрдэнэсийн өлгий байсныг мэдээд “амаа барьж” бизнесийнхэн нь төр засгийнхаа дэмжлэгийг авч шаргуу “давшиж” байна. Алс холын АНУ, их наймд ордог гүрнүүд ч анхаарлаа хандуулж төр засгийн тэргүүн, нөлөө бүхий албан тушаалтнууд байс хийгээд Монголд зочлоод уул уурхайн салбарыг л түлхүү сонирхож байгаагаа ч мэдэгдэх болжээ. Энэ нь “том” улсуудын, дэлхийн тэргүүлэх компаниудын арааны шүлсийг асгаруулж эхэлсний илрэл гэмээр. Дэлхийн улс орнуудыг өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай хэмээн ангилдаг. Дээд давхаргын орнууд аль хэдийнэ Монголыг овоо хараандаа тусгаж, нөлөөллөө тогтоох бааз сууриа бэлтгээд Ашигт малтмалын тухай хууль, улстөрийн нөхцөл байдлыг ажиглаж сууна. Дэлхийн уул уурхайн номер нэг Австралийн “ВНР BiLLiton” компани хүртэл Монголд хоёр жил гаруйн өмнө салбараа нээж, стратегийн хөрөнгө оруулагч болохыг чармайж байна. Английн алдарт “Рио Тинто” хүртэл Оюу толгойн ордын лицензийг эзэмшиж байгаа “Айвенхоу майнзтай ” хамтран ажиллахаар хууль эрх зүйн орчин бүрдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг дуулгавартай хүлээж байгаа аж. Зөвхөн өндөр хөгжилтэй төдийгүй хөгжиж байгаа орнууд ч Монголыг сонирхох болжээ. Энэтхэгийн тэрбумтан нэг сая ам.долларыг ч урьдчилгаа болгож өгөөд Таван толгойн ордыг ашиглахад хамтран ажиллахад бэлхэн байгаагаа ч гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгаад амжсан. Наймдугаар cap айлчлалын даллага авчээ. Нэгхэн сарын хугацаанд шил шилээ дарсан олон айлчлал болох нь ээ. Энэ нь зүгээр л найрсаг харилцаатайгаа илэрхийлэх гэсэн ёс төдий албан айлчлал бус гэдэг нь тодорхой. Сонгууль болж, шинэ парламент бүрэлдэн удаан дуншсан Ашигт малтмалын тухай хуулийг батлан гаргах цаг айсуйг ч тооцоолж байгаа нь гарцаагүй. Тиймээс эртнээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад бэлэн, түлхүү сонирхож байна гэдгээ ч айлчлахдаа албан ёсоор мэдэгдэж байна. Зөвхөн наймдугаар сарын айлчлалуудыг сонирхуулая. Энэ сарын айлчлалын салхийг Кувейт улсын эрхэм дээд эмир Шейх Саба Аль-Ахмед долдугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 02-ныг хүртэл манай улсад амралтын журмаар хувийн айлчлал хийгээд нутгийн зүг жолоо залсан билээ. Эрхэм дээд эмир өмнө нь Узбекстан, Мароккод л амрах журмаар зочилж байжээ. Харин энэ жил Монголыг сонгож, хувийн онгоцоо хөлөглөн, тусгай хөтөлбөрийн дагуу зочлоод буцлаа. Тэрбээр Монголын төрийн тэргүүнтэй нэлээд аминчлан уулзаж, ажил хэргийн асуудлаа ч хөөрөлдөөд авсан бололтой. Хувийн айлчлал гээд хаана амралтаа өнгөрөөж байгааг ч тодорхой хэлэхийг албаны хүмүүс болгоомжилж байсан юм. Ойрын эх сурвалжийн өгүүлж байгаагаар зөвхөн алжаалаа тайлах ч гэж ирээгүй, амралт, албан ажлаа давхар амжуулаад хөрөнгө оруулахад татгалзах зүйлгүйгээ ч байгалийн баялгаараа гайхуулдаг эзэнт улсын эрхэм дээд эмир өөрийн биеэр ирж уламжлаад буцсан аж. Түүнээс хойш төрийн айлчлал тасрахгүй үргэлжилж байна. Наймдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Бүгд найрамдах Хорват улсын Ерөнхийлөгч Степан Месич Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар айлчлав. Энэ улстай дипломат харилцаа тогтоогоод 15 жил өнгөрсөн ч энэ жил л анх удаа төрийн тэргүүн нь Монголд морилж байгаа нь энэ. 4,5 сая хүн амтай Хорват улсын үндэсний нефтийн “INA” компанийн удирдлага Монголд ирж газрын тосны өнөөгийн байдлын талаар судалгаа хийгээд буцсан аж. Харин энэ зун ерөнхийлөгч нь манай улсад айлчилж тандлаа. Гадаад худалдааны эргэлт 41 тэрбум 596 сая ам.долларт хүрээд байгаа, нэг хүнд ногдох ДНБ нь 6500 ам. доллар болж эрчимтэй хөгжиж байгаа Казахстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаев энэ сарын 06-07 өдрүүдэд Монголд морилоод “Бээжин-2008″ олимпийн нээлтэд оролцохоор өмнөд хөршийг зорив. Зам зуураа Монголд буугаад мордсон ч гэсэн түүний хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийг сонсоход уул уурхай, банк санхүүгийн салбарыг онцгой сонирхож байгаа илт байлаа. “Казахстан улс нь сүүлийн дөрвөн жилд гадаадын орнуудад 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь Монголд хөрөнгө оруулалт хийсэнгүй. Цаашид томоохон хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй” байна гэж эрхэмсэг ноён Н.Назарбаев хэлсэн юм.
Мөн “Халык” хэмээх банкны салбараа манай улсад удахгүй нээнэ гэдгээ ч нуусангүй. Ургац хураах үе, өвөлжилтийн бэлтгэл хангана гээд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ цуцлаад ганц дусал ч шатахуун нийлүүлэхгүй гэдэг Казахстан 1-1,5 сая тонн түүхий нефть өгч болох юм судлаад нааштайгаар шийднэ гэж ам алдав. Түүгээр ч зогсохгүй 20-30 мянган тонн удаан буудайг ч буцалтгүй тусламжаар олгож өглөгийн гараа сунгаж магадгүй байна. Үүний хариуд монголд томоохон хөрөнгө оруулалт оруулж, ордуудыг хамтран ашиглах хүсэл нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.

Шинэ Зеландын амбан захирагч Ананд Сатиананд гэргийн хамт энэ сарын 12-13 -ны өдрүүдэд Монголд айлчлахаар зэхэж байна. Тус улс нь манайхтай 1975 онд дипломат харилцаа тогтоосон ч нэг ч удаа албан ёсны төрийн айлчлал хийж байгаагүй аж. Гэвч 33 жилийн дараа алс холын эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Шинэ Зеланд Монголыг анхааралдаа авч зочлохоор шийджээ. Тэдний хүсэл сонирхлыг соронзон адил татаж байгаа шидэт “зүйл” өнөөх газрын хөрсөн доорхи баялаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Мөн наймдугаар сарын 22-23-нд Монаккогийн хан Альберт ирэх гэж байна. Энэ сард айлчлах гадаадын хүндэт зочдын цуваа үүгээр ч өндөрлөхгүй аж. Данийн угсаа залгамжилсан хан хүү Фридерих ч зочлохоор төлөвлөжээ. Ашигт малтмалын ордуудыг ашиглахад бүгд л гараа дэлгэхэд бэлэн аж. Бидний гуйдаг биш гуйлгуулдаг цаг иржээ. Стратегийн томоохон ордуудаа хамтран ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийг олон улсын нээлттэй тендер зарлан шалгаруулбал бие биенээсэээ давах гэж санаанд оромгүй ихийг ч амалж мэдэхээр байна. Өнгөт металлын үнэ дэлхий зах зээл дээр “галзуурч”, олон орны сонирхол давхцаж байгаа ийм үед газрын дорхи “үүцүүдээ” зөв ашиглах цаг болсон ч Монголын улстөрчид өөр хоорондоо уралцаад, улстөрийн ашиг хонжоо хайсаар…Цаг хугацаа хүлээнэ гэж үгүй.

Д.Доржпагма

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Давхар санаа агуулсан айлчлалууд”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Гуйдаг биш гуйлгуулдаг болсон бол эрх мэдэлтэй эрхэм дээдэс ирээдүйгээ харсан ухаалаг гэрээ хийгээсэй билээ.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: