AU influences on Nauru

Posted on April 23, 2008. Filed under: MN News |

Source: http://origo.mn/index.php?z=/0/0/11888/92/
Дэлхийн хамгийн баян байсан улсын гунигт түүх
Өдрийн Сонин
2008 оны 04 сарын 18

Товч лавлагаа: Науру (Nauru)-Өмнөд Номхон далайд оршдог арал-улс. Микронезийн бүлэг аралд багтана, ойрын хөрш-Кирибати арал. Тусгаар тогтнолоо зарласан-1968 оны нэгдүгээр сарын 31.

Нийслэл-албан ёсны нийслэлгүй боловч Ярен (Yaren) хэмээх тус арлын хамгийн том сууринд тус арал-улсын парламент байрладаг тул заримдаа нийслэл гэж нэрлэгддэг.
Газар нутгийн хэмжээ-21 км2.

Хүн амын тоо-9275 (2007 оны байдлаар).

ДНБ-36.9 сая ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ-2500 ам.доллар (2006 оны байдлаар).

Аливаа орон байгалийн баялгийнхаа буянаар гэнэт баяжсан нь сайн талтай юу, саар талтай юу? Ашигт малтмал ихтэй улсын нөөц дууссан эсвэл ашигт малтмалын зах зээлийн үнэ гэнэт унасан үед тухайн улсуудад юу тохиодог вэ?

Иймэрхүү сөрөг нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж санхүүгийн нөөц бий болгосноор асуудлыг даван туулах боломж бий юу? Иймэрхүү асуултууд Монголын өнөөгийн нийгэмд ч хамааралтай байх.

Ийм ч учраас Номхон далайд орших энэхүү жижигхэн арлын сонирхолтой бөгөөд гунигтай, мөн сургамжтай түүхийг эргэн санахуй. Энэ арал бол Номхон далайн өргөн уудамд бараг гээгдсэн, ердөө л олон сая жил хуримтлагдаж шувууны чулуужсан асар том сангас аж. Уг арлыг Науру гэх бөгөөд манай гаригийн тусгаар тогтносон хамгийн жижигхэн улс юм байна.

Түүхийн тодорхой үе хүртэл уг арлын түүх бүс нутгийн бусад жижиг арлын түүхээс онцын ялгаагүй өрнөж иржээ. Уг арлыг манай эриний эхэн хавьд Полинезийн далайчид нээж, олон зууны туршид тэрхүү далайчдын үр сад загас жараахай агнаж, самар жимсхэн түүж, мөн өөр хоорондоо дайтсаар ирж (энэхүү жижигхэн арал дээр бие биеэ “нэг нүдээр үздэггүй” арваад омог зэрэгцэн аж төрдөг байж). За тэгээд Европын далайчид тус арлыг дахиад бас нэг удаа нээгээтэхэж. 1888 онд Германы колони болсон боловч дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Герман уг арлыг тухайн үед Их Британийн доминион байсан Австралид шилжүүлжээ. Гэтэл 1900 онд тус арал дээр арлын түүхийг орвонгоор нь эргүүлсэн нээлт хийгдсэн байна. Науру арал бол ердөө л шувууны томоохон чулуужсан сангас гэж дээр дурдсан. Энэхүү шүрэн арал руу нисч ирсэн жигүүртнүүдийн олон сая жилийн “уран бүтээл” (сангас буюу шувууны ялгадас юм л даа, уг нь) нь тус арлыг минералын маш үнэтэй бордоо болох фосфатын томоохон орд болгосон байж.

Ингээд 1906 он гэхэд тус арал дээр фосфат олборлох ажил ч өрнөж. Европын компаниуд нутгийнхныг хөлсөлж ажиллуулсангүй. Яагаад гэвэл тэд тус арлынхан ажилдаа цагтаа ирдэггүй, түүнээс гадна энд тэндхийн тосгонд бараг өдөр бүр болдог янз бүрийн баяр наадам, хурим найр, оршуулга энэ тэргүйгээр амьдралаа огт төсөөлж чаддаггүйг нь тэр үед олоод харчихаж. Тийм учраас уурхайд далайн цаанаас Хятадаас авч ирсэн хар ажилчид ажиллаж харин нутгийн уугуул иргэд саяхан л тэднийх байсан газар шороог нь усан онгоцонд тонн тонноор ачин авч одохыг гайхан харж суудаг байж. Тэгэхдээ тухайн үеийн колонийн засаг захиргаанд бас талархах ёстой байх. Учир нь фосфат олборлогч уул уурхайн компаниуд тонн тутамд тооцож уугуул иргэдэд тодорхой хэмжээний төлбөр төлдөг байхаар гэрээ байгуулсан байж. Эхэндээ ч үнэндээ энэ төлбөр нь нэг ч их шалиад байхаар зүйл биш байж. Харин явцын дунд уугуул иргэдээс овоо боловсорсон хэсэг нь янз бүрийн дарамт шахалт үзүүлсээр байж энэхүү төлбөрийн хэмжээг овоо нэмэгдүүлээд авч.

1960-аад оны үед Номхон далайн арлуудад колоничлолоос чөлөөлөгдөх үйл явц өрнөж байх үед австраличууд Науру арлыг өөрийн мэдэлдээ авч үлдэх гэж оролдсон боловч арлынхан байгалийн баялаг нь тэдэнд болон тэдний хойч үеийнхэнд нь мөнхийн баян хангалуун амьдралын баталгаа болж байгаа гэсэн үндэслэлээр бүрэн тусгаар улс болохоор хатуу шийдэж. Австраличууд ч нэг их хэл яриа хийсэн ч үгүй, ингээд 1968 оны нэгдүгээр сарын 31-нд Науру шинээр тусгаар тогтносон улсынхаа төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулжээ. Тэр үед тус арлын хүн ам ердөө л гурван мянга байсан байна.

Арлын шинэ засаг захиргааны зүгээс хийсэн эхний алхам бол тэдний хамгийн гол баялаг болох фосфат олборлодог компанийг төрийн мэдэлд авснаар эхлэв. Тус компанийг төрийн мэдэлд авсан ч засаг захиргааны зүгээс уг компанийн ажилд нэг их хутгалддаггүй байж. Гол нь олборлосон фосфатын тонн тутмаас тодорхой хэмжээний мөнгийг Засгийн газарт өгөх, мөн олборлолт явуулж буй газрын эздэд нөхөн олговор олгох гэсэн шаардлагыг л тавьдаг байж.

Өнгөрсөн XX зууны далаад он гэхэд Науру улс нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян улс болсон байв уу даа. Ямар ч л гэсэн Арабын Нэгдсэн Эмиратынхаас энэ үзүүлэлтээрээ бараг хоёр, АНУ-ынхаас дөрөв дахин илүү байсан гээд бод доо. Боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ ямар ч үнэ төлбөргүй, татвар огт байхгүй болсноос гадна арлынхан тив рүү бас л ямар ч үнэ төлбөргүйгээр нисч байх эрхээр хангагджээ. Арлын нэг талаас нөгөөг хүртэл явганаар ердөө л дөрөвхөн цагийн дотор хүрэх боломжтой ч ихэнх айл хэд хэдэн машаан унаатай ч болоод авч. Хүн амыг ажлын байраар хангахын тулд төр засаг захиргааны ажилтнуудын тоог ихээхэн нэмснээр тус арлын иргэд бараг бүгд төрийн ажилтан болоодохов. Тухайн үед арал дээр ноёрхох болсон улс төрийн тогтолцоог “тосгоны ардчилал” ч гэмээр.

Гэнэт олдсон тэр их баялаг анхнаасаа л сөрөг нөлөөтэй байсан байна. Тухайлбал арлынхны хэрэглэдэг хүнсний бүтэц тэс өөр болж. Загас барих эсвэл наргил модны самар түүх сонирхол арлынхны дунд бүрэн алга болсон тул өдөр тутмын хоол нь хамбургер, кока-кола, эсвэл импортоор оруулж ирсэн хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болсон байх жишээтэй. Полинезичүүд ер нь таргалах удамшилтайг ч хэлэх үү, ямар ч л гэсэн 1990 он гэхэд хүн амын дундаж үзүүлэлтээр Науру арал чихрийн шижнээр өвчлөгсдийн тоогоор дэлхийд тэргүүлэх болсон бөгөөд хүн амын 60 хувь нь уг өвчинд нэрвэгдээд байв. Ийм ч учраас арлынхны дундаж наслалт тэдний ядуу хөршүүдийнхээс нэг их ялгардаггүй байсан гэдэг.

Байгалийн ч гэнэ үү, Бурхны ч гэнэ үү хишиг гэгдэх фосфатын нөөц хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг тэд бүр больчихсон тэнэгүүд биш тул бас л ойлгож байж. Олборлолт явуулаад дууссан газар гэвэл ямар ч ургамал ногоо байхгүй нүцгэн хад чулуу, хааяахан эвдэрч, зэвэрч хаягдсан техникийн сэг л “нүд баясгана уу” гэхээс өөр юу ч тэнд байхгүй. Чулуужсан шүр дээр хөдөө аж ахуй эрхлэх байтугай явган явахад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Арлын нийт талбайн 70 орчим хувь фосфатаар бүрхэгдсэн тул Науру тэр чигээрээ чулуужсан шүр болж хувирна гэдэг нь хэнд ч тодорхой байлаа.

Арлынхан энэ асуудлыг эхэндээ нэг их тоож санаа зовсон ч үгүй. Олсон орлогын багагүй хэсгийг тусгай сан байгуулж тэрэндээ хийдэг байж. Фосфатын нөөц хэзээ нэгэн цагт дууссан үед уг сан нь жижигхэн улсын иргэдийн хангалуун амьдралын баталгаа болох байв. Тус сан болон сангийн үйл ажиллагаа улсын нууцын зэрэглэлд багтдаг байсан тул нарийн ширийн нь тодорхой бус хэдий ч 1980-аад оны дунд үед сангийн нийт хөрөнгө хоёр тэрбум долларт хүрч байсан гэдэг. Тэр үед Науругийн хүн ам өссөн байсан ч энэ мөнгөний хүүгээр дажгүй амьдарч болохоор л байж.

Сангийн хөрөнгийг хаана, яаж эргэлдүүлдэг тухай мэдээлэл чандын чанд нууц байсан хэдий ч үе үе хөрөнгө оруулалт амжилтгүй болсон талаар дуулиан дэгддэг байлаа. Харин сангийн хөрөнгийг амжилттай эргэлдүүлсэн мэдээ нэгээхэн ч гарч байгаагүй гэдэг. Жишээлбэл Науру улс Леонардо да Винчигийн амьдралын тухай бүтээсэн асар их өртөгтэй хэдий ч бүрэн будаа болсон мюзиклд хөрөнгө оруулсан ч гэх юм уу, ашиг орлого огт өгдөггүй зочид буудал өндөр үнээр худалдаж авсан ч гэх, эсвэл олон улсын үнэт цаасны зах зээл дээр ихээхэн алдагдалд орсон наймаанд оролцсон гэх мэт сөрөг баримт бол харин зөндөө. Зүв зүгээр сууж байгаад гэнэт баяжчихсан арлынхан олдсон баялгаа дуусашгүй мэт төсөөлж байсан бололтой, санхүү хөрөнгө оруулалтын олон улсын туршлагатай мэргэжилтэн жижигхэн арлынхны дунд байсан ч үгүй, ямар ч л гэсэн тэрхүү санхүүгийн асар их алдагдлуудыг арлынхан нэг их тоосонгүй.

Хөрөнгө оруулах зарим шийдэл нь үнэнхүү дүнхүү байсан байх юм. Нэр хүндээ бодоод Науру улс зургаан онгоц бүхий үндэсний авиакомпанитай болоод авч. Тэр онгоцнууд нь бараг л зорчигчгүй шахам нислэг үйлддэг байж. Эдний авиакомпаниар үйлчлүүлсэн нэгний дурссанаар мань эрээс гадна онгоцонд бас нэг зорчигч за тэгээд нэг хайрцаг банан “аялж” байсан юм байх. Науругийн далайн тээврийн компанийн ажил ч агаарын тээврийнхээсээ нэг их илүү гарч гавиад байдаггүй байж. Байнгын алдагдал бол ердийн үзэгдэл болсон бөгөөд гол нь ажиллагсдын тоог хиймлээр хэт их болгосноос энэ байдал үүссэн байна.

1980-1990 онд байдал маш түргэн муудаж эхэлсэн байна. Нөгөө ирээдүйд хэрэглэх ёстой сангийн хөрөнгө мөнгө яагаад ч юм хорчийгоод хорогдчихож. 1991 онд энэ сангийн актив 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол 2002 он гэхэд ердөө л 0,14 тэрбум ам.доллар болчихсон байж. Үүний гол шалтгаан жижигхэн арал дээр бүх юм хэний ч нүдэнд ил тул Монгол шиг авлига энэ тэр байсангүй, харин удирдлагуудын мэргэжил, мэдлэг, боловсрол бас ухаан дутсаных байлаа.

Үүнтэй зэрэгцээд фосфатаас олдог орлогын хэмжээ ч буурч эхлэв. Нөгөө их гэгдээд байсан шувууны ялгадас аль хэдийнэ усан онгоцонд ачигдаад бусад улс орны тариан талбайд уусаад жимс, ногоо, тариа буудай болж хувираад алга болчихсон байв. Эцсийнх нь “дуслыг” хүртэл шахаж гаргахын тулд Засгийн газар Ерөнхийлөгчийн ордны хашаанд хүртэл фосфат олборлох ажлыг зохион байгуулав. Энэ арга хэмжээ хаашаа ч зайлж бултах боломжгүй төгсгөлийг түр л хойшлуулснаас бус тус улсыг тухайн бүс нутаг дахь байнгын тусламжгүйгээр өөрийгөө аваад явах ямар ч чадваргүй бусад арал-улсуудын эгнээнд орохоос хэрхэн яаж зайлуулж чадахав дээ. 2000 он гэхэд фосфатын нөөц ч үндсэндээ дуусч, нөгөөх сангийн мөнгө ч дэлхийн санхүүгийн уудам орчинд ул мөргүй уусан алга болсон ч байж.

1990-ээд оны эхээр арлын засаг захиргаа орлого олох шинэ үүсвэрийн эрэлд мордов. Эхэндээ оффшорын үйл ажиллагаанд нэлээд найдвар тавьж байлаа. Тийм ч тулдаа 1990-ээд оны үед Науру арал нь оффшорын бас нэгэн диваажин, хууль бусаар олсон мөнгө угаах нэг төв болоод байв. Гэвч есдүгээр сарын 11-ний явдлаас хойш америкчууд энэхүү үйл ажиллагааг зогсоохыг тэднээс шаардсан байна. Науругийн Засгийн газар эхэндээ жаахан унжсан дүр эсгэж байснаа америкчууд оронд нь санхүүгийн буцалтгүй тусламж олгоно гэж амласны дараа уг шаардлагыг дуртайяа хүлээн авчээ.

1989 онд Науругийн Засгийн газар гэнэт ухаан орсон мэт колони байх үед олборлосон фосфатын нөхөн төлбөрийг шаардаж Австралийг шүүхэд өгсөн байна. Австраличууд ч олон долоон юм ярьсангүй шаардлагыг нь биелүүлж нөхөн төлбөр олгоод зогсохгүй арал руу хүмүүнлэгийн тусламжийн дагуу албатай юм шиг байнга мөнгө илгээх болсон байна.

Хамгийн сүүлд Науру арал дээр Австрали руу орох гэсэн цагаач болон дүрвэгсдийн хуаран байгуулсан байна. Австрали руу орох дүрвэгсдийн тоог хязгаарлахын тулд тус улсын Засгийн газар энэхүү хуаранг байгуулах нь зөв зүйтэй гэж шийдэж үүнийг байгуулсан аж. Тэгэхдээ Науругийн засаг захиргаа энэ хуарангийн үйл ажиллагааг зогсоох вий гэхээс их л санаа зовдог болсон сурагтай. Ер нь ч хаагдах төлөвтэй, хэрэв хаагдчихаагүй л бол. Уг нь энэ хуарангийн үйл ажиллагаанаас олдог орлого тус арлын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн баянд тооцогдож байсан улсын ихэнх иргэн нь харгалзагч, цэвэрлэгч, угаагч, тогооч зэрэгхэн ажил хийж л амь зогоож байна гэсэн үг.

Бид юугаараа дутах вэ гэсэн шиг Номхон далайн бусад жижиг арал-улсуудын жишгээр Науругийн дипломатчид тэдний хамгийн дуртай тоглоомд ч оролцох болж. Өрсөлдөгч талууд болох БНХАУ болон Тайванийн Засгийн газрууд “зөв шийдвэр” гаргасан арал-улсуудын Засгийн газарт санхүүгийн чамгүй урамшуулал олгодог байна. Тийм ч учраас 2001 оны долдугаар сард Науру БНХАУ-ын Засгийн газрыг хүлээн зөвшөөрч шанд нь 60 сая ам.доллар авчээ. 2005 оны тавдугаар сард Науругийн дипломатчид өмнөх шийдвэрээсээ буцаж Хятадын хууль ёсны Засгийн газар Тайпэйд байдаг гэдгийг гэнэт “ойлгосон” байна. Ингэж “ойлгосныхоо” төлөөсөнд Тайванийн Засгийн газраас 20 сая ам.доллар авсан сурагтай. Бодвол өмнө нь БНХАУ-аас авсан 60 саяа үрээд дуусгачихаа биз.

За энэ нь ч тэгээд тус бүсийн бусад арал-улсуудаас явуулдаг гадаад бодлогоос нэг их ялгараад байх зүйл биш юм. Гол асуудал тус бүс нутагтаа байтугай дэлхийд хамгийн баян байсан улс ийм болчихсонд л байгаа юм. Хэний ч хүч хөдөлмөрөөр бий болоогүй, газар дороос гарч ирсэн баялаг хэнд ч, бараг ямар ч ашиг авч ирэлгүй ул мөргүй алга болсон гунигт түүх ийм л байна.

Харин Монголд… Төр засаг хувийнхнаас Таван толгойг хураагаад (бараг дээрэмдээд гэсэн ч болно) авчихлаа, стратегийн ордуудын 51 хувийг эзэмшинэ гэнэ, бас хүн бүрт 50 мянган төгрөг олгоно гэсэн. Ер нь намууд сонгуулийн жилд ард түмэндээ хайр зарладаг уламжлал ёсоор бэлэн мөнгө тараах (голчлон амаараа л даа) албан бус уралдаан ид хүчээ аваад байгаа. Уг нь бэлэн мөнгө тарааж байхын оронд зайлшгүй шаардлагатай гэсэн нийгмийн хэсэгт хуулийнх нь дагуу тусламж олгож болмоор л юм. Ер нь намууд ингэж улсын мөнгө тараах асуудлыг хуулиар хориглохүй бол иймэрхүү балайрал мөд зогсох шинжгүй. Ухаандаа ядуу ард түмний ядуу сэтгэлгээгээр тоглож их мөнгөний багахан хэсгийг “эх орны хишиг” энэ тэр гэсэн гоё нэрийн дор ард түмэнд тарааж буян үйлдсэн дүр эсгэж, үлдсэн их хэсгийг нь дарга нар өөрсдөө хувааж идэх л гэж байгаа биз. За тэгээд арай өөр сэдэв рүү орох гээд байгаа тул дараа л болохоос.

“Тосгоны ардчилал аа” гэж… Инээдтэй ч, гунигтай ч.

М.Оюунбилэг

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “AU influences on Nauru”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Yoyo chi neeree alj bn aa.
Hehe ineed hureh shig aidas ch hureh shig.

? Odriin soninii M.Oyunbileg gej huniig “chi” bolgood bn u, ugui yu, hehe. http://www.shildeg.com -dotor chini yum baigaa yum u, hurdan web-ee taviarai, orj uzmeer l bn shuu. Oyunbileg setguulch huniig ineelgej, ailgaj baihiig bodohod surhii bichdeg hun bololtoi.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: