Australian Competition Law

Posted on March 7, 2008. Filed under: MN News |

http://www.ursulduun.mn/

Австрали улс 2000 оноос өрсөлдөөний хуулийг эдийн засгийн үндсэн хууль болгон хэрэгжүүлснээр 2006 онд айл өрх бүрт ногдох орлого 7000 австрали долларт хүрсэн гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд шударга, чөлөөтэй, тэнцвэртэй өрсөлдөөний үйл явцыг бий болгосноор хэрэглэгчдийн эрх ашгийг бодитойгоор хамгаалах хэрэгцээ шаардлага урьд урьдаас чухал байна….

Мэдээ мэдээлэл
2007 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төрийн ордоны “Б” танхимд болсон “Өрсөлдөөн ба хөгжил” хэлэлцүүлэг дээр ШБӨХЗГ-ын дарга Б.Жаргалсайханы тавьсан илтгэл

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН Ө� СӨЛДӨӨНИЙ
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Гадаад орнуудын өрсөлдөөний байгууллагын хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, энэ арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч, цаг зав гарган хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Өнөөдөр би Та бүхэнтэй өрсөлдөөн улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг, яагаад энэ асуудал чухал болох тухай, манай улсад өрсөлдөөнт орчин хэрхэн бүрдэж байгаа, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тохиолдож байгаа зарим бэрхшээл, цаашид бид ямар асуудалд онцлон анхаарах шаардлагатай байгаа талаар санал бодлоо солилцохыг хүсэж байна.
Яагаад өрсөлдөөн чухал вэ? Энэ талаар өрсөлдөөн, түүний таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлж байгаа бусад улс орнуудын туршлагад тулгуурлан ярилцая.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны үндсэн хүчин зүйл болох өрсөлдөөний гол зорилго нь нийгмийн сайн сайхан байдлыг хангаж, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгоход оршдог. Өрсөлдөөний бодлого гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг болохыг даяаршлын өнөөгийн ертөнцөд олон орны туршлага нотлон харуулж байна. Үүнд нэгдүгээрт, шударга, чөлөөт өрсөлдөөн бүрэлдэн тогтсоноор компаниудын өрсөлдөх чадвар сайжирдаг байна. Мэдээж компаниудын хувьд өрсөлдөөн чухал. Дотоодод өрсөлдөөн сайн байснаар компаниудын өрсөлдөх чадвар дээшилж, дэлхийн хэмжээнд өрсөлддөг байна. Нэг жишээ дурдая. БНСУ-ын LG болон Самсунг хоёр компани гэр ахуйн бараа үйлдвэрлэлээр эх орондоо маш хүчтэй өрсөлддөг байсны үр дүнд эдгээр компаниудын гол гол бараа бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийд өрсөлдөж байна. Тухайлбал Самсунгийн “Anycall” гар утас дэлхийд тэргүүн эгнээнд өрсөлдөж, нэр хүндтэй барааны тоонд ороод явж байна. Даяарчлагдсан эдийн засгийн үед компаниудын өрсөлдөөнт байдал дотоодын өрсөлдөөнөөс эхэлдэг гэдгийг дахин тэмдэглэмээр байна. Монгол Улс дэлхийн хэмжээнд тодорхой бараа бүтээгдэхүүнээр өрсөлдөхийн тулд дотооддоо өрсөлдөж, өрсөлдөөний соёлоос суралцах зайлшгүй шаардлага бий болоод байна.
Хоёрдугаарт, шударга, чөлөөт өрсөлдөөн байснаар барааны үнэ буурч, чанар сайжирдаг учраас хэрэглэгчдэд таатай нөлөө үзүүлнэ. Хэрэглэгчид өөрийн олж хуримтлуулсан мөнгөөрөө өөртөө таалагдсан чанар сайтай, үнэ нь боломжийн бүтээгдэхүүн худалдаж авах эрхтэй байдаг. Хэрэглэгчдийн энэ эрхийг бүрэн хангахын тулд зах зээл дээр өрсөлдөөн байх хэрэгтэй. Өрсөлдөөн байснаар хэрэглэгчдийн энэ эрх хангагдаж, улмаар эдийн засгийн үр ашиг нэмэгдэж, нийгмийн сайн сайхан байдал дээшлэх нь ойлгомжтой юм. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээ дурдмаар байна. Австрали улс 2000 оноос өрсөлдөөний хуулийг эдийн засгийн үндсэн хууль болгон хэрэгжүүлснээр 2006 онд айл өрх бүрт ногдох орлого 7000 австрали долларт хүрсэн гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд шударга, чөлөөтэй, тэнцвэртэй өрсөлдөөний үйл явцыг бий болгосноор хэрэглэгчдийн эрх ашгийг бодитойгоор хамгаалах хэрэгцээ шаардлага урьд урьдаас чухал байна.
Гуравдугаарт, шударга, чөлөөт өрсөлдөөний орчин бүрэлдэн тогтсоноор эдийн засгийн тогтвортой өсөлтөд сайн нөлөө үзүүлдэг. Үүнийг нотлох нэг жишээг Та бүхэнтэй хуваалцая. Францын нийслэл Парис хотноо байрладаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлээгүй оронтой харьцуулахад түүнийг хэрэгжүүлсэн орны нэг хүнд ногдох орлогын өсөлт 1-2 хувиар дээгүүр байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Энд мөн нэг орны жишээг дурдаж болмоор байна. БНСУ 1981 онд “Шударга худалдааны хууль”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө эдийн засаг нь бууралттай байжээ. Хуулийг хэрэгжүүлснээс хойшхи арван жилд эдийн засаг нь жилд дунджаар 8 орчим хувийн өсөлттэй болсон байна. Иймэрхүү жишээг олныг дурдаж болно. Өрсөлдөөн чухал болохыг бусад орны хөгжлийн туршлагад тулгуурлан авч үзэхэд ийм байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилго тавьж байгаа өнөөгийн нөхцөлд хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох өрсөлдөөний асуудлыг нарийвчлан авч үзэж, бүх шатанд нэгдсэн нэг ойлголттой байж, түүнийг жинхэнэ утга, агуулгаар нь хөгжүүлэхэд онцлон анхаарах нь чухал байна.
Одоо манай оронд өрсөлдөөнт орчин хэрхэн бүрдэж байгаа талаар товч ярья. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд даруй 17 дахь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд нийгмийн харилцаанд олон олон шинэ өөрчлөлт гарсны нэг нь өмчийн олон хэвшил бүрэлдэн тогтож, зах зээлийн харилцааны жам ёсоор өрсөлдөөний зарчмаар хөгжих нөхцлийг бүрдүүлж, хууль эрхзүйн орчныг 1993 онд УИХ-аас баталгаажуулжээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын зах зээлд нийт 30 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Судалгаанаас үзэхэд зах зээлд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2006 онд 1998 оныхоос 71 хувиар, тэдгээрт ажиллагчдын тоо 25,7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Манай байгууллагаас өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд хийсэн судалгаанд тулгуурлан зарим бараа, үйлчилгээний зах зээл нээлттэй, харьцангуй төвлөрөл багатай, өрсөлдөөнтэй, зарим нь хаалттай, зохицуулалттай байна гэсэн дүгнэлт хийж байна. Зах зээлийн байдалд судалгаа, хяналт шалгалт хийх явцад зарим аж ахуйн нэгжүүд өрсөлдөгчөө зах зээлд нэвтрэхэд ямар нэгэн байдлаар саад хийх, зах зээлээс шахан зайлуулахыг оролдох, буруу ташаа мэдээлэл тараах, тэр ч бүү хэл дэлхийн өрсөлдөөний байгууллагуудын тулгамдсан асуудал болсон хуйвалдах үйлдлийг ч хийж байгааг бид олж тогтоож байна. Картелийн буюу хуйвалдах үйлдэл манай оронд нилээд газар авч байгааг манай байгууллагаас өнгөрсөн 5 дугаар сард хийсэн түүвэр судалгааны дүн харууллаа. Судалгаанд хамрагдагчид энэ үйлдэл манай оронд бодитойгоор оршиж байгаа, түүнчлэн энэ үйлдлийг бүх салбарт, үүнээс нефть, уул уурхай, тендер, барилга, тээвэр, холбоо зэрэг салбаруудад илүү ихээр хийдэг гэсэн хариултыг өгсөн байна. Нөгөө талаар хуйвалдах үйл явц төрийн болон бизнесийн хүрээнийхний хооронд элбэг тохиолддог гэж судалгаанд оролцогчид тодорхойлсон байна. Энэ судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулах учраас би энд зарим гол дүгнэлтийг Та бүгдтэй хуваалцаж байна. Өнгөрсөн онд манай байгууллага нефть бүтээгдэхүүн импортлогчдын зах зээлд хийсэн судалгаа, тандалтын үр дүнд тухайн зах зээлд үгсэн хуйвалдах замаар үнээ нэмэгдүүлж, хэрэглэгчдийг хохироож байгаа талаар баримт сөхөж тавьсныг Та бүхэн санаж байгаа байх аа. Эндээс Монгол Улсын зах зээлд чөлөөтэй шударга өрсөлдөхийн оронд хуйвалдаж, картельдах амар хялбар замаар бизнес хийж, хэрэглэгчдийг хохироох “таатай” үндэс суурь илүү цэцэглэж байна гэж дүгнэж болохоор байна. Судалгаагаар үгсэн хуйвалдах үйлдлийг бизнесийн хүрээнийхэн төрийн байгууллагатай хамтарч хийх нь их гэсэн хариултыг өгсөн нь авилга картель хоёрын уялдааг харуулж байгаа юм. Тэгэхээр авилга хаанаас, юунаас үүсэж байна вэ гэдгийг дахин бодож үзэх нь зүйтэй болов уу.
Мэдээж авилга үүсэх учир шалтгаан олон янз байна. Гэхдээ бизнесийн орчинд авилгын үйлдлийг таслан зогсоохын тулд юуны өмнө картелийн буюу хуйвалдааны ул үндсийг таслахад бүх анхаарлаа хандуулах шаардлага гарцаагүй тулгараад байна. Энэ утгаараа манай байгууллага, Авилгатай тэмцэх байгууллагатай нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага нэн их байгааг цохон тэмдэглэж байна. Дэлхийн улс орнуудын өрсөлдөөний байгууллагын толгойн өвчин болсон, энэхүү хор хөнөөлтэй, хөгжлийг хойш нь чангаагч аймшигт үйлдэлтэй бид ч гэсэн тууштай тэмцэж, ингэснээр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бүрэн утгаар нь хамгаалах шаардлагатай гэдэгтэй Та бүгд санал нийлж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Картельтай тэмцэхийн тулд бид хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг тодорхой болгож, түүнд оногдуулах торгууль, ял шийтгэлийн асуудлыг ч нэг мөр шийдэх шаардлагатай байгаа юм. Өнөөгийн бидний дагаж мөрдөж байгаа хуульд заасан, хууль зөрчсөн этгээдэд ногдуулах 250000 төгрөгийн захиргааны шийтгэл энэ асуудлыг шийдэх, түүнээс урьдчилан сэргийлэх хангалттай хөшүүрэг биш гэдгийг би зориуд тэмдэглэж байна. Нөгөө талаар энэ шийтгэл нь шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлсэн, оногдох шийтгэл нь хариуцлага болж чадахгүй байна.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх явцад шийдвэрлэвэл зохих дор дурдсан зарчмын шинжтэй асуудлууд тулгараад байна.
УИХ-аас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталж байх тэр цаг үеийн нөхцөл байдал өнөөгийнхөөс нилээд өөр байсан нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талаар шинэчлэлийн үр дүнд олон олон асуудал өөрчлөгдөж, өнөөдөр зарим харилцааг хуучин хуулиар зохицуулах боломжгүй байдал үүсээд байгааг юуны өмнө цохон тэмдэглэмээр байна. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар худалдан авагчийн давамгай байдал, дээр дурдсан картелийн үйлдэл зэргийг бүрэн зохицуулж чадахгүй байна.
Түүнчлэн өрсөлдөөний үйл явцад хамааралтай боловч Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуультай уялддаггүй, зохицуулалт нь тодорхой бус асуудал мөн үүсээд байна. Энд би төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлмээр байна. Энэ үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдийн хувьд өрсөлдөөний нэг том талбар болсон. Энэ харилцааг зохицуулсан хуулиар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд Сангийн яам хяналт тавьж ажиллахаар заасан байдаг. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг өнөөгийн тогтолцоог эргэн хянан үзэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, оновчтой шийдлийг олох нь илүү өгөөжтэй гэж үзэж байна. Энэ мэтчилэн жишээг зар сурталчилгаа, өмч хувьчлал зэрэг өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхтэй холбогдсон олон харилцаан дээр ярьж болох юм.
Өмч хувьчлал нь бүтцийн өөрчлөлт, нэн ялангуяа зах зээлийн бүтцийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэ ажилд Өрсөлдөөний байгууллага онцгой үүрэгтэйгээр оролцох ёстой гэж үзэж байна. Хуучин социалист системд байсан орнууд, тухайлбал Унгар, Чех, Польш, Эстони зэрэг орнуудын өрсөлдөөний байгууллагууд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байснаас өмч хувьчлалыг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр, сонгодог утгаар нь гүйцэтгэсэн тухайгаа Олон улсын өрсөлдөөний жилийн хурал дээр тэмдэглэн ярьж байсан. Түүнчлэн бусад улс орнууд, тухайлбал БНТурк улс, БНСУ ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гардан зохион байгуулдаг тухай туршлагаа бидэнтэй хуваалцаж байсныг тэмдэглэн хэлмээр байна. Энэ асуудлыг бид хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох үйл явцдаа анхааралтай судлан үзэж, шийдвэрлэх оновчтой арга замыг хайн ажиллаж байгааг дашрамд дуулгая.
Өрсөлдөөний эцсийн үр дүнд хэрэглэгчид ашиг хүртдэг бол энэ асуудлыг ч гэсэн өрсөлдөөний бодлого, хуультай хэрхэн уялдуулах вэ гэдгийг шийдвэрлэх нь бидний өмнө тулгамдаад байгаа бас нэг асуудал юм.
Хатагтай ноёд оо,
Одоо би та бүгдтэй цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцохыг хүсэж байна.
Монгол Улсад өрсөлдөөний шударга, чөлөөт орчныг хөгжүүлэхэд төрийн зүгээс цэгцтэй, цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг бидний хоёр жил гаруй хугацааны туршлага, дэлхийн бусад улс орнуудын туршлага, сургамж ч давхар нотолж байна. Үүний тулд дараах асуудлуудад онцлон анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна:
1. Гадаад орнуудад өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлж байгаа туршлагыг харахад өрсөлдөөний бодлого нь хөгжлийн бодлогын салшгүй нэг хэсэг байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөний бодлого нь төсвийн бодлого, төрийн мөнгөний бодлого болон салбарын хөгжлийн бодлогын нэгэн адил хөгжлийн бодлогын дөрөв дэх тулгуур багана болж батлагдан хэрэгжиж байна. Бид ч гэсэн энэ зарчмыг удирдлага болгон өрсөлдөөний талаар баримтлах төрийн цэгцтэй бодлогыг боловсруулан батлуулж хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих цаг нь нэгэнт болсон гэж үзэж байна. Үүнд манай шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ ажил бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд биелэлээ олно гэдэгт Та бүхэн эргэлзэхгүй байхаа. Өрсөлдөөний үйл явцыг дэмжих тодорхой бодлоготой байснаар чухам ямар салбарын өрсөлдөөний асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ямар арга хэмжээ авах талаар нийтээр нэгдсэн ойлголттой байх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
2. Өрсөлдөөний тухай хуулийг эдийн засгийн харилцааг зохицуулах гол тулгуур хууль болгон мөрдөхөд бид онцлон анхаарах нь чухал гэж үзэж байна. Үүний тулд юуны өмнө бид энэ талаар нэгдсэн ойлголттой байж, өрсөлдөөний тухай хууль шинээр батлагдан гармагц бусад хууль эрхзүйн актуудыг энэ хуультай нийцүүлэн боловсронгуй болгох нь эхний ээлжинд тавигдах ёстой гол зорилго гэж үзэж байна. Хоёрдугаарт, төрийн захиргааны байгууллагуудаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь өрсөлдөөнийг хязгаарлах бус харин түүнийг дэмжин хөгжүүлэхэд чиглэдэг байхын тулд тухайн баримт бичгийг батлан гаргахын өмнө өрсөлдөөний асуудал эрхэлсэн байгууллагаас санал авдаг тогтолцоо, механизмыг бүрдүүлэх нь зүйтэй юм. Энэ чиглэлээр хөгжиж байгаа болон хөгжингүй орнууд тухайлбал ОХУ, БНСУ, Унгар, Турк, Чех, Польш зэрэг орны өрсөлдөөний байгууллага ихээхэн туршлага хуримтлуулж, энэ ажлыг хэвшил болгосон байгааг энд тэмдэглэж байна.
3. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан байгууллагын бие даасан байдал ихээхэн чухал ач холбогдолтой болохыг манай байгууллагын өнгөрсөн хоёр гаруй жилийн ажлын туршлага, түүнчлэн бусад орнуудын туршлага давхар нотолж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг орнуудын туршлагаас харахад өрсөлдөөний байгууллага нь Ерөнхийлөгч, Парламентаасаа байгуулагддаг, Засгийн газар, бизнес эрхлэгчдийн нөлөөнөөс харьцангуй хол, бие даасан, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хараат бус байдалтай байна. Эдгээр байгууллагын зөвлөж байгаагаар бизнесийн харилцаан дахь өрсөлдөөнийг зохицуулах, өрсөлдөөнд харш, шударга бус үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийг шалгаж хариуцлага хүлээлгэнэ гэдэг тухайн компаний хувьд бизнесийн нэр хүндэд нь халдсан хэрэг болдог байна. Иймээс тухайн компаний зүгээс өрсөлдөөний байгууллагад төрийн байгууллага, өндөр албан тушаалтнуудаар дамжуулан нөлөөлөх хандлага их байдаг байна. Мөн шан харамж, хээл хахууль өгөх, үнэ төлбөргүй үйлчилгээ, хөнгөлөлт амлах, дарамт шахалт үзүүлэх, тэр ч бүү хэл заналхийлэх явдал ч гардаг байна. Иймээс өрсөлдөөний байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, хангамж, хамгаалалт зэрэг ажиллах нөхцөл, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль эрхзүйн баталгаагаар хангах асуудлыг тусгайлан авч үздэг байна. Ийм байдал манайд ч гэсэн гарахгүй гэх баталгаа байхгүй учраас олон улсын нийтлэг жишгийн дагуу энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх алхам хийх нь зүйтэй байна.
4. Шинэчлэлийн нөхцөл байдал, Олон улсын өрсөлдөөний байгууллагаас тавьж байгаа шаардлагатай уялдуулан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг боловсронгуй болгох нь цаг үеийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Ингэснээр хуулийн шинэ төсөлд өрсөлдөөний чухал элемент болсон картель, давамгай байдлыг буруугаар ашиглах, нэгдэн нийлэх үйл явц, шударга бус өрсөлдөөний үйлдлийг хэрхэн зохицуулах асуудлыг нарийвчлан авч үзэх, хууль зөрчсөн этгээдэд оногдуулах торгууль, шийтгэлийг оновчтой болгох талаар нухацтай ажиллаж байна. Энэ асуудалд манай бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчдийн бодол санал маш чухал гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн үеэр үнэтэй санал зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна.
5. Өрсөлдөөний тухай хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд уг ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлэх явдал туйлын чухал болохыг олон улсын өрсөлдөөний байгууллагын экспертүүд онцлон тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн, өрсөлдөөний үйл явцыг бүх шатанд зөв ойлгож, өрсөлдөөний соёлыг бизнес эрхлэгчдийн дунд түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн дунд хэвшүүлэхэд чиглэгдсэн сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх явдал өнөө ч гэсэн тулгамдсан асуудал хэвээр байна.
6. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар орон нутагт өөрийн салбартай байх нь хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг бид сайн ойлгож байна. Зах зээлийн байдалд хийсэн судалгааны дүнг харахад манай улсын дэд бүтцийн салбарын ихэнх үйлчилгээ орон нутгийн түвшинд үндсэндээ монополь шинжтэй байгаа нь ийм бүтэц байхыг зайлшгүй шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл орон нутагт салбар бүтэцтэй байснаар эдгээр байгууллагуудад шууд хяналт тавих, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаа явуулахаас аж ахуйн нэгж, байгууллагыг урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийг таслан зогсоох, өрсөлдөөний соёлыг тухайн орон нутагт төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
7. Эцэст нь өрсөлдөөний асуудлаар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал хурцаар тавигдаж байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр шинэ мэргэжлийн олон төрлийн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа нь ойлгомжтой билээ. Өрсөлдөөний зарчмыг хөгжүүлэх нь мөн бидний хувьд шинэ асуудал юм. Ийм учраас энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо болон гадаад орнуудад тодорхой чиглэл зорилготойгоор бэлтгэх шаардлагатай байна. Үүний тулд дотоодын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт өрсөлдөөний тухай асуудлыг тусгаж, шинээр бэлтгэн гаргаж байгаа боловсон хүчнийг энэ чиглэлийн мэдлэгтэй болгоход одооноос анхаарах цаг нэгэнт болжээ. Нөгөө талаар энэ чиглэлийн ном, сурах бичиг, материалыг боловсруулан гаргахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг санал болгож байна. Энэ асуудалд манай Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, холбогдох их, дээд сургуулиудын удирдлага анхаарлаа хандуулж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Даяарчлагдаж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд хүн бүр нээлттэй худалдаа, бизнесийн үйл ажиллагаанд өдөр бүр оролцож, үр шимийг нь хүртсээр байна. Шударга, чөлөөтэй, тэнцвэртэй өрсөлдөөний орчин байгаа газар бизнес эрхлэгчид шинээр сэтгэж, шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ингэснээр хэрэглэгчдэд үнэ хямд, чанартай бараа, үйлчилгээг байнга нийлүүлж байгааг бид сайн мэдэж байгаа билээ. Нөгөө талаар энэ нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх таатай хөрс суурь болдог билээ. Иймээс манай оронд өрсөлдөөний ийм орчныг төгс утгаар нь бүрдүүлэх цогц арга хэмжээ авч, зах зээлийн харилцаанд оролцогчид бүгдээрээ үр шимийг нь хүртэх, улмаар Монгол Улсыг өрсөлдөх чадвар, эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийн хэмжээнд тэргүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая.
Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: