Kylie Minogue and Cancer

Posted on February 28, 2008. Filed under: AU News |

Related: Other Aussie Hollywood Stars

From: http://www.news.mn/

 Австралийн поп од Кайли Миноуг 37 насныхаа ойг найз нөхдийнхөө хүрээнд маш цомхон тэмдэглэжээ. Тэрээр 2005 оны 5 сард хөхний хавдартай болсон гэдгээ мэдсэний дараа “Амьдрал хичнээн үнэ цэнэтэй” болохыг мэдэрч байна гэж хэлсэн байдаг. Кайлийн болоод түүний олон тооны шүтэн бишрэгчдийн хувьд энэ өвчин нь том цохилт болжээ. Уг өвчний талаар огт мэдэгдээгүй байх хугацаанд Голливудын хамгийн хөөрхөн хүүхний нэгээр тооцогддог түүний амьдрал цэлмэг тэнгэр мэт байсан ажээ.

Голливудын азтай од Кайли

Тэрээр 10 настайдаа өөрийн охин дүүгийн хамт “Салливаны гэр бүл” кинонд шалгуулж тэнцсэнээс хойш түүнийг азын тэнгэр нь ивээлдээ авчээ. Дараа нь тэрээр “Хөршүүд” олон ангит кинонд амжилттай тоглосноос гадна өөрийн альбомыг гаргасан нь 2 сая хувь борлогдож, дуунууд нь дэлхий даяар хит болж байлаа. 1990 оны эхэнд Английн нэртэй VН1 сувгийн явуулсан санал асуулгаар Кайли нийт саналын гуравны хоёроор тэргүүлж секс одоор шалгарчээ. Мөн “Гудамжны зодоонч” кинонд Ван Дамм болон Голливудын алдартай “Мулен Руж” мюзиклд гол дүрийн нэгийг бүтээсэн. 2000 онд түүний гаргасан 2 альбомны дууг хүн бүр амандаа аялж Кайли гэж хэн байдгийг ч дуулаагүй хүмүүс хүртэл түүний дууг утасны ая болгон сонгож байлаа. Кайлигийн алдар цууд одоо хэн ч саад болохгүй мэт санагдаж байсан тэр үед түүнд “Хөхний хавдартай болсон” гэсэн мэдээ гэнэтийн цохилт авчирчээ.

Түүний шинэ сонголт

Кайли Миноугийн гэр бүлд хөхний хавдраар өвчилсөн хүн байгаагүй хэдий ч сэтгэлээр унах, хэт ачаалалтай ажиллах зэрэг сөрөг хүчин зүйл одын амьдралд бишгүй л тохиолдож байсан. Яагаад түүнийг аз хаяв? Хавдар туссан нь түүнд давхар цохилт болжээ. Учир нь тэрээр дэлхийг тойрон тоглолт хийхийг зэхэж байснаас гадна түүний хувийн амьдралд өөрчлөлт оржээ. Төдийлөн амжилттай бус хэд хэдэн дурлалын эцэст 2005 оны Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр өөрийн хан хүү болох Францын кино жүжигчин Оливье Мартинестай танилцаж хайр сэтгэлтэй болсон байлаа. Энэ үеэр Оливье түүний царай маш цонхигор байгааг анзаарч эмчид үзүүлэхийг зөвлөсөн ч поп дуучин маань өөрөө энэ байдлыг ажлын хэт ачаалалтай холбож дэлхий тойрох аялан тоглолтдоо хоол ундыг нь идүүлж байх тусгай хүн хүртэл авч явахыг зэхэж байжээ. Гэтэл Мельбурн хотын эмнэлэгт үзүүлснээс 2 долоо хоногийн дараа гэхэд мэс засалд бэлдэж байв.

Хөхөнд тань өөрчлөлт мэдрэгдвэл…

Эмэгтэйчүүдийн дунд 40-45 насанд хөхний хавдраар өвчлөх магадлал хэд дахин өсдөг. Энэ үед эмчид байнга үзүүлж байх шаардлагатай. Эмч нар эмэгтэйчүүдийг хөхөө байнга анхаарч байхыг зөвлөдөг. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт мэдэгдвэл шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Хавдар эхний шатандаа ихэвчлэн ямар ч шинж тэмдэггүй байдаг тул эрүүл мэнддээ анхаарал тавьдаг барууны орнуудад ч эрт оношлогдох нь маш цөөхөн байдаг. Тийм учраас сард нэг удаа, сарын тэмдгийн 5-12 дахь өдөр заавал өөрийгөө шалгаж байх хэрэгтэй. Ямар нэгэн зузаарал, хөхний толгой, арьс нь дотогшоо татагдах, нусархаг эсвэл бор, шар зэрэг ялгадас гарах зэрэг шинж тэмдгийг сайн анзаарч байх хэрэгтэй. Сарын тэмдэгтэй холбоотой ямар нэгэн өвдөлт илэрвэл энэ нь мастопатийг илэрхийлнэ. Гэхдээ хамгийн сайн оношлогооны арга нь маммографи. Хэрвээ та эрсдлийн бүлэгт хамаарч байвал энэ аргаар ойр ойрхон оношлуулж байх хэрэгтэй. Харин 45-аас дээш насанд эмэгтэй хүний бие махбодид насны өөрчлөлт ордог тул жилд 2 удаа толгой дараалан маммографи хийлгэх шаардпагатай.

 Кайли чамд хайртай шүү…

Энэ мэдээг сонссоноос болж Кайли Миноуг төлөвлөж байсан концертуудаа ч хойшлуулжээ. Албан ёсны мэдэгдэл хийх үеэрээ “Би энэхүү тоглолтыг хийхийг маш их мөрөөдөж байсан. Өөрийн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгосонд би их харамсаж байна. Гэхдээ бүх юм сайнаар эргэж, та бүхэндээ амласнаа хүргэж тайзандаа эргэж ирнэ гэж найдаж байна” гэж хэлсэн юм. Кайлид ингэж хэлэх бүрэн үндэслэл байсан. Учир нь Оливьегийн ачаар түүний хавдрыг эхний шатанд нь оношлосон. Мэс засал амжилттай болж эмч нар хөхний булчирхайг үлдээжээ. “Кайли маш дуулгавартай өвчтөн. Тэр манай бүх ажилтны хайрыг булаасан хүн. Харин ийм нөхцөлд танилцсан нь харамсалтай” гэж түүнийг эмчлэгч эмч нь хэлжээ. Түүнийг өвчтэй байх бүх хугацаанд хан хүү Оливье нь поп од Кайли Миноуг сэтгэл санаагаар байнга дэмжиж байсан нь сайшаалтай. Хайрт бүсгүйнхээ хажууд байхын төлөө тэрээр тоглох байсан кино дүрээсээ татгалзжээ. “Ийм үед амьдралд шоу бизнес, киноноос илүү чухал зүйл байдгийг мэддэг юм. Бид байнга хамтдаа байж энэ бүхнийг даван туулах болно” гэж тэрээр мэдэгдсэн байна. Уг өвчнийхөө эсрэг тууштай тэмцэхийг Кайлийн олон шүтэн бишрэгчид сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байжээ. Хайрт дуучнаа хүнд өвчин туссаныг мэдэнгүүт хөхний хавдрын эсрэг бэлэг дэмбэрэл ягаан зүүлт бэлэглэж, хавдартай хүмүүсийг дэмжих олон улсын санд мөнгө хандивлах ажил зохион байгуулж эхэлжээ.

Кайлийг тойрсон сонин хачин

Кайли шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл санааг нь дэмжсэн захидпуудад дарагдаж эхэлсэн бөгөөд дуучин Мадонна хурдан эдгэрэхийг ерөөсөн ил захидал илгээжээ. Түүнийг төрсөн өдрөөр нь дэмжиж дэлхийн радио станциуд дууг нь нэвтрүүлж, Английн МТV бүр тусгай нэвтрүүлгийг түүнд зориулан нэвтрүүлж байсан ажээ. “Та бүхэнд намайг дэмжиж байгаад би маш их талархаж байна. Энэ өвчнөөр шаналж буй Австрали болон дэлхийн бүх эмэгтэйчүүдэд би хурдан эдгэрэхийг ерөөж байна” гэж тэрээр хэлжээ. Мэс засал хийлгэснийхээ дараахан тэрээр өөрийн зовлон нэгт бяцхан хүүхдүүдийг дэмжихээр Мельбурн хотын хавдрын эмнэлгийн хүүхдийн тасгаар оржээ. Энэ нь хүүхдүүд болон Кайлид өөрт нь маш их сэтгэлийн дэм болсон аж. Хүүхдүүдийг эргэхийн урд өдөр нэгэн хандивийн тоглолт дээр танилцсан цусны хавдартай Оливия Вуд гэдэг бяцхан охиноос Кайлид захидал иржээ. Тэрээр Кайлид “Сэтгэлээр чанга байж, байнга инээмсэглэвэл заавал эдгэрнэ” хэмээн захиж байгааг дамжуулж өгөхийг хүссэн гэнэ. Эмч нарын үзэж буйгаар Оливия маш зөв хэлсэн. Мэдээж хавдрын үед сэтгэлээр чанга байх хэрэгтэй.

Би тайзандаа заавал эргэж ирнэ

Поп од Кайлид хамгийн багаар тооцоход нөхөн сэргээх эмчилгээнд хагас жил шаардлагатай бөгөөд өөдрөг үзэлтэй байх нь түүнд хэрэг болно гэдгийг эмч нь зөвлөж байгаа ажээ. Түүнд хийсэн мэс засал амжилттай болсон ч Парис хотноо Густав Россигийн нэрэмжит, Европт хамгийн нэр хүндтэйд тооцогддог хавдрын төвд хими эмчилгээний хэд хэдэн курс хийлгэх болж байгаа гэнэ. Хайрт залуугийн гэр бүл нь Парист амьдардаг тул энэ эмнэлгийг сонгожээ. “Оливье бол миний хувьд хамгийн сайн эмчилгээ. Урьд нь надад нэр алдар хамгийн эхэнд тооцогддог байсан бол одоо Оливье надад цонхоор тусах гэрэл мэт чухал болсон” гэжээ. Азтай хос цаашдын амьдарлаа төлөвлөөд завгүй байгаа бөгөөд байшин худалдаж авах, хүүхэд төрүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагджээ. Үргүйдэлд хүргэж болох аюултай хими эмчилгээнээс өмнө эмч нар Кайлид тусгай мэс засал хийж өндгөн эсийг нь авч хөлдөөж хадгалжээ. Эх болох арай эрт байгаа ч Кайли сэтгэлээр уналгүйгээр бүх зүйлийг өөдрөгөөр харж байгаа. Хавар гэхэд тэрээр тайзан дээр эргэн гарахыг төлөвлөж байна.

2007 оны 11 сарын 29

 Поп од Кайли Миноүг 2008 онд Европт хэд хэдэн тоглолт хийхээр болсноо зарлалаа. Энэхүү аялан тоглолт нь тавдугаар сарын 6-нд Парисаас эхлэх бөгөөд Герман, Финлянд, Швед зэрэг улсуудаар айлчлах гэнэ. Одоо “2 Hearts” дуугаараа шилдэг арвын жагсаалтад буй Кайли зургадугаар сард Их Британид очих бөгөөд тэндээ хоёр үдэш дуулах болжээ.

Австрали гаралтай 39 настай дуучин маань фенүүдээ шинэлэг тоглолт амлаж байгаа гэнэ.

Кайли өмнө нь 2005 онд аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байсан ч хөхний хорт хавдартай болсон тул хойшлуулж байжээ. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр Сидней хотод дахин тайзан дээр гарсан байна. Түүнээс хойш Кайлигийн тоглолтууд биеийн хөдөлгөөн харьцангуй бага шаарддаг болсон юм.

Кайлигийн бие нь төдийлөн сайн биш байгаа тул 2007 оны эхээр Манчестер хотод зохиогдох байсан хоёр ч концертоо цуцалжээ.

Даваа гаригт “Х” хэмээх арав дахь альбомоо гаргасан поп одын аялан тоглолтын тасалбар Их Британид арванхоёрдугаар сарын 3-нд худалдаанд гарах болжээ.

 

Related: Other Aussie Hollywood Stars

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: