Australia by Mandakhbat-5

Posted on November 15, 2007. Filed under: Australia |

More on: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Ахмад үе ба түүх: Миний мэдэх Австрали орон           

Одоо болж байгаа парламентын сонгуулийн нэг хэсэг нь Австралийн түүхийг дунд сургуульд хэрхэн зөв ойлгуулж тайлбарлах талаар болж байна. Энэ улс заах түүхгүйдээ бус, энэ улс өөрийн түүхээ үзэн ядсандаа бус, харин түүхэн “үнэн”-ийг улс орны ирээдүй-хүүхэд зөвөөр хүлээж аваасай гэсэндээ ингэж байгаа аж.    

Түүх ба хүмүүс            

Австрали орны ууган оршин суугчид аборигин хэмээх хар арьст, том хамар, өргөн духтай хүй нэгдлийн гэмээр ерөнхий дүр төрх бүхий эдгээр хүмүүс нь өнөөдөр Австралийн нийт хүн амын 1%-д ч хүрэхгүй байна. Тэднийг Их Британийн хаант улсаас анх ирсэн хүмүүс зориуд халдварт өвчин тараах, буудан хяргаж устгах зэрэг олон аргаар хүй тэмтэрчээ. Ийм явдал Америк улс үүсэхэд индиануудыг устгахаар бас эхэлж байлаа.            

Их британаас ирсэн цагаан арьст хүмүүсийн дийлэнхи олонхи нь хоригдлууд байсан. Америкийг үүсгэсэн ихэнхи хүмүүс ч бас л “үл бүтэх” нөхдүүд басйан гэнэ лээ. Гэхдээ эдгээр улсын түүх нь хүн нэг алдаж болно, хоёр дахь удаад заавал алдах албагүй, сайн явж болдог гэдгийг харуулж байгаа байх. АНУ-д ч, Австралид ч аборигин, индиан хүмүүсийн зурсан зураг, уран бүтээл нь олон сая доллараар үнэлэгдсэн томоохон бизнес болон хөгжиж байна. Эдгээр цөөхөн үлдсэн хүмүүсийн бараг бүх зардлыг Засгийн газраас гаргаж байгаа. Эдгээр хүмүүсийн соел бол хүн төрөлхтөний аугаа соел, түүхэн үеийн нэгэн хэсэг юм. Монгол орны нүүдлийн соел иргэншил нь эдгээр соелууд шиг хэдэн мянган жилийн түүхтэй аугаа соел учраас эдгээрийг хадгалж үлдэх нь дан ганц Монгол, Австрали, Америк, Аборигин, Индиан хүмүүсийн сонирхол бус. Харин дэлхийн, хүн төрөлхтөний үйл хэрэг байх ёстой.              

Шинэ Австралийн шинэ түүх            

Би хувьдаа одоогийн Австралийн хөгжлийн анхны алхам 1850-оны алт олдсон үеэс эхэлсэн гэж боддог. Энэ үед л төмөр зам, авто зам, хотууд үүсгэн байгуулагдаж, хүн ам нь асар хурдацтай нэмэгдэж байсан юм. Монголд одоо болж байгаа нинжа гэдэг үзэгдэл энэ үед асар их байлаа. Энэ үеэс мөн ашигт малтмалын лиценз олгох систем үйлчилж эхэллээ. Австрали орон аажимдаа эдийн засгийн хувьд зөвхөн өөрийгөө тэжээх бус, харин Их Британийн хаант улсад хувь нэмрээ оруулж, дэлхийн бусад орнуудад бүтээгдэхүүн экспортлодог болсон байна. Их британийн тус тусдаа колони мужуудын олон янзын дүрэм журмыг нэгтгэж нэг загвартай болгох, мужууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах гээд олон асуудал гарч ирэв. Энэ нь эцсийн дүндээ 1900 онд Австрали орныг бие даасан, тусгаар тогносон холбоот улс болгосон байна.             

Дэлхийн нэгдүгээр дайн ба ахмад үеийн эхэн           

Одоо байгаа хамгийн ахмад австрали хүмүүс нь Дэлхийн нэгдүгээр дайны үед дөнгөж төрж байсан эсхүл бүр жаахан хүүхэд байсан байх. Австрали дэлхийн нэг, хоёр дугаар дайнд Их британийн Ази-Номхон далай дахь найдвартай ар тал болон оролцсон. Гэхдээ мэдээж энэ үеийн Австралиудаас  харьцангуй цөөхөн нь 21-р зууныг үзсэн.            

Монгол орны хамгийн ахмад үе 1921 оны ардын хувьсгал, 1924 оны БНМАУ тунхаглагдах үеийн хүмүүс болов уу. Энэ үйл явдлыг нүдээрээ харсан, тэр үед амьдарч байсан өндөр настнууд ёстой л хуруу дарам байх даа. Энэ хүмүүсийг амьд дээр нь сайн яриаг нь сонсож авах юмсан даа. Зурагтын автобусанд нэг өвгөн “Халхын голын шорооноос цус үнэртдэг юм” гээд кондуктортой маргалдаж байсан нь санаанаас гардаггүй. Гэтэл дараа нь Улаанбаатарын нэг бааранд нэг бүдүүн нөхөр Ирак-д алба хааснаа гайхуулж өөрийгөө бараг “баатар” гэж байж билээ.              

 Дундаж наслалт ба ахмад үе           

 Австрали хүний дундаж наслалт 80 хавьцаа. Монгол хүнийх 64. Тэгэхээр хэнийг ахмад үе гэж үзэх вэ? гэдэг энэ хоёр оронд арай өөр байж магад. Монголын хүн амын 70 гаруй хувь нь 35 хүртэлх насныхан гэж Монгол Улсын ерөнхий сайд саяхан хэлсэн байсан. Харин Австралийн хэвлэл мэдээллэр Австралийн “хөгшин” хүн ам асар ихсэж буй талаар уйдтал өдөр бүр ярьдаг.             

Тэтгэвэртээ гарсан хүнийг буюу ажил хийхгүй байгаа хүнийг ахмад гэж тооцох дундаж тооцоо бий. Монголд эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60, Австралид үүнээс хойш 5 жилийн дараа тэтгэвэрт гарч болох бөгөөд одоо дахиад үүнийг 5-аар нэмэх гэж байна. Ерөнхий сайд нь гэхэд л 70 настай хүн шүү дээ. Гэхдээ 1990 оны эхээр 4 хүүхэдтэй манай 30 дөнгөж гарч байсан эгч маань тэтгэвэрт гарах л надад сонин санагдаж байсан.           

Тэтгэвэр ба Хөрөнгө оруулалт           

Австрали орны ахмад үе бүхэлдээ 20-р зууны Австрали орныг бий болгосон. Тэд ямар ч үзүүлэлтээрээ дэлхийд эхний 20-д найдвартай орох тийм улс орныг бий болгожээ. Тэд өнөөдөр тэтгэврийн мөнгөө янз бүрийн хөрөнгө оруулалтын санд хийгээд түүнийхээ ашгаар амьдарч, бас тэр тэтгэврийн сангуудаараа дамжуулж улс орондоо зам гүүр тавих, цахилгаан станц, сургууль, эмнэлэг барих зэрэгт оролцоод явж байна.            

Монголын одоогийн тэтгэвэр авагчдын мөнгийг одоогийн төр одоо олж байга мөнгөнөөсөө төлж байгаа. Урьд нь ахмад үе ажиллаж байхад тэтгэврийн сан гэж тэдний дансанд юм хийж байсангүй. Харин 1960 оноос төрсөн Монгол хүмүүс бүгд шинэ нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэврийн “нэрийн данс” гэгчтэй болсон байгаа. Таны дансанд хэдэн сая төгрөг байна гэж хэлж магад. Гэхдээ үүнийг чи зөвхөн тэтгэвэрт гарсан үед л сар болгон тодорхой хэмжээгээр авч болно.  Гэхдээ үнэн хэрэгтээ дансанд чинь юу ч байхгүй, бүгдийг нь Засгийн газар өнөөдрийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан.            

Ахмадын хөдөлмөр эрхлэлт           

Ахмад хүмүүсийн аав, ээж нь ихэвчлэн бүрхны оронд очсон байдаг. Тийм ч учраас тэдэнд түшээд, эрхлээд очих ээж, аав үгүй байдаг билээ. Эндхийн олон ахмад хүмүүс машин бариад явж байгаа харагддаг. Ганц нэгээрээ амьдрах нь их түгээмэл. Хагас бүтэн сайнаар үр, хүүхдүүд ач, зээ нартайгаа уулздаг юм шиг байгаа юм.            

Ахмад хүмүүс олон төрлийн ажил хийдэг бололтой юм билээ. Тухайлбал, гэртээ байж байгаад утсанд хариу өгөх, материалуудыг шивж электрон хэлбэрт оруулах, интернэтэд өөрийн туршлагын талаар бичиж хэвлэх, зөвлөгөө өгөх гэх мэт.            

Ерөнхийдөө хороо болгонд шахуу “комиссын дэлгүүрүүд” байдаг. Үүнийг ихэвчлэн нэлээд ахмад хүмүүс ажиллуулдаг. Бүтэн сайн өдөр гэхэд энэ дэлгүүрийн үүдэнд хүмүүс асар олон хуучин болон шинэ зүйлсээ хандив болгоод үлдээсэн байдаг. Томоос том ачааны машин эд нарын барааг зөөдөг юм билээ. Ер нь иргэд нь баян чинээлэг болохоор хаа сайгүй л хандив цуглуулна, хандивлаарай гэсэн сурталчилгаа байдаг. Энэ хандивуудын зарим хэсэг нь мэдээж миний Монголд очиж байгаа.            

Ахмадаа асрахуй            

Хороо бүрт ерөнхий дөө бас “өндөр настнуудын асрамж, халамжын газар” байдаг. Энд настай хүмүүс өдөржингөө цугларан ярилцаж, тоглож өнгөрөөдөг бололтой юм билээ. Бас хороо бүртээ ахмадын амьдардаг халамжын газрууд ч байгаа. Дундговь аймгийн төвийн парк-д хэдэн жилийн өмнө ахмадын өргөө гээд том гэр барьсаныг би очиж үзэж байсан юм. Тэгэхэд л ийм төрлийн зүйл асар их дутагдаж байж дээ гэдгийг ойлгосон. Тэдний цаана бас хийж бүтээх асар их эрч хүч, хүсэл зориг байдаг юм байна лээ.Австралид ахмадын өдрүүд, залуучуудын өдрүүд, хүүхдийн өдрүүд гээд янз бүрийн баярууд болдог. Тухайлбал ахмадын өдрүүдээр бүх нийтийн тээвэрт  тэд үнэ төлбөргүй явах бөгөөд нэлээд олон газрууд тэдэнд үнэгүй зүйл бэлэглэж, үйлчилгээний газрууд маш хямдралтай үйлчилдэг.            

Ахмад үе ба сонгууль             

Аль ч улс оронд, Австралид ч гэсэн ахмад хүмүүс, оюутнууд л сонгуулийн хамгийн идэвхитэй байдаг юм байна. Тэд уулзалт бүр дээр байж, асуултуудыг тэд тавьж, тэд ямар ч байсан сонгуульд заавал оролцдог.            

Монголд ч гэсэн сонгуулийн иргэдтэй уулзах уулзалт дээр ихэвчлэн ахмадууд цугларсан байдаг. Гэхдээ Монгол орны хувьд тэд нэгэнтээ сонгуулийн олонхи байхаа больсон.  

Хүнд бэрхшээл ба ахмад үе           

Австралийн ахмад үе дэлхийн нэг, хоёр дугаар дайнд Их Британийн яв гэсэн газар нь явж, хий гэснийг нь хийж байлаа. Энд Их Британи зэвсгийн туршилтаа бүгдийг нь хийсэн. Энд Цөмийн зэвсгийн туршилтаа ч хийсэн.            

Дайны дараахь Австрали орны маш олон гэр бүл салалт, хойд эцэг, эхтэй хүүхдүүд зэрэг нь бас л Америк цэргүүдээс нэлээд шалтгаалсан. Энэ бүхэн бол яг тухайн үед байх ёстой туулах ёстой зүйл шиг л байсан байх. Харин сүүлд нь энийг амтай болгон л буруу гэж шүүмжилнэ.            

Монголын ахмад үе ч гэсэн улс орноо бие даасан тусгаар тогтносон улс болгох гэж олон сайхан эрчүүдээ, сэхээтнүүдээ, эхнэр хүүхдээ алдсан. 1921 онд ардын хувьсгал хийж, 1924 онд тусгаар тогнтнолоо зарласан ч дөнгөж 1945 онд л Хятад орон Монголыг хүлээн зөвшөөрөв. 1937 онд асар олон Зөвлөлтийн цэргүүд Монголд орж ирсэн. Асар олон Р.Чойном шиг залуучууд, Монголын сэхээтнүүд, лам нар амиа алдсан. Үндэсний бичгээ криллээр сольж, сүсэг бишрэл, шүтээнээ ч алдсан. Зарим газар нутгаа, иргэдээ ч бас алдсан.            

Ийм үнэтэй олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Монголын ахмад үе зүтгэсэн. Тэд тэтгэврээрээ ачдаа, зээдээ тоглоом авч өгч чадахгүй байгаа ч гэсэн, улс орон нь бага ч гэсэн урагшаа алхаж, Монгол хүн шийдвэр гаргаж байгаад баяртай, итгэл дүүрэн таягаа тулаад тайвуун “төрийн минь сүлд өршөө” гээд явж байгаа байхаа. 

 Амьд дээр нь ахмад үеээ сонсое, туслая, бас дэмжье! 

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали улс

2007 оны 11 дүгээр сар 13 

———-оОо———

More on: http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: