2-Who is more Racist

Posted on September 18, 2007. Filed under: -- Tips/Experiences, Australia |

1-Эхлэл хэсэг

Австралийн арьс өнгөөр ялгаварлах үзэлийн талаар.

Би өөрөө халх монгол хүн л дээ. Монгол монголдоо бүр яг харахад л цэвэр монгол нь мэдэгддэг. Монгол л юм чинь нөгөө л намхан нуруу, навтгар хамар, өндөр шанаа, өргөн дух, банзан нүүр, баавгай алхаа, бор шаргал арьс, богинохон маажгий хөл, онигор нүд, олиггүй болгон нь бүгд л байж л таараа байлгүй бодвол. Гадаадынханы нүдэнд л тэр нь их тод харагддаг байх.

Европ стандартад нийцүүлэх шаардлага гарах биш дээ. Болоод л байдаг юм. Америк кино үзсээр байгаад тархиа угаалгачихсан залуус л монгол царай муухай, европ царай гоё гэж боддог болчихсон байдаг байх. Заяасан материал маань ийм болохоор учиргүй заяандаа гомдоод байх хэрэгцээ гардаггүй л дээ. Монголчуудынхаа нүдэнд нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөхөөрөө аятайхан харагдаад, жирийн үедээ жирийн л харагддаг байх, өөрийгөө царай муутын тоонд хааяа оруулдаг жирийн л хүн л дээ.

http://tseveendorj.blogspot.com/2007/07/blog-post_17.html

Австралийн жижиг хотынхон харин азиудыг ялгаж таньдаггүй, царай нь ямар төрөлдөө ордогийг нь мэддэггүй юм байна гэж дүгнээд байгаа. Надад ази хүүхнүүдийн зураг үзүүлээд л энэ царайлагтаа орох уу гэж нэгээр тогтохгүй удаа асууж л байлаа.

Яг л нөгөө төөрсөөр төрөлдөө киноны адилхан шар байж Улаан Цагаан байхдаа яахав дээ гэдэг шиг, эндэхийн хээгүй найзархаг Австраличууд азиудыг шар байна, өөр байна энэ тэр гэж гомдоллодоггүй л юм. Ялангуяа жуулчин ихтэй юм уу, газар газарынхан хөлхдөг том хотууд бол яг л Монголоос маань ялгарах юм байхгүй, бүгд л найзалж нөхөрлөөд, арьс, гарал үүсэл энэ тэрээрээ нэг их ялгараад байхгүй дээ.

Жижиг хотын Монголчууд нэгнийхээ хаясан гэж ахиж авч хувилсан фото зурагтай оюутны үнэмлэхээр автобусанд тал үнээр үйлчлүүлээд, номын сангаас үнэгүй ном авч, бусад боломжит хөнгөлөлтүүдийг эдлээд л явдаг. Машин авч амжаагүй, ийм юм байдагийг мэдээгүй яваа монголчууд нийтийн тээвэрт төлсөн зардалаа тооцоод үзээрэй. Австралид нийтийн тээвэр, байрны түрээсээс өөр учиргүй үнэтэй гэчихээр юм байдаггүйг Монголоос ирсэн хүмүүс анзаарсанаа хэлж байсан.

Мөн Австралид гайгүй явж байгаа монголчууд дотор өнгөлөг, сайхан Мисс, Жентлеменүүд байна уу гэвэл БАЙХГҮЙ ЭЭ л гэхээс дээ. Миний л танилын хүрээний гайгүй яваа хэд нь гайтай царайтайгаа мэдээд гаднахаа биш доторхоо ашиглахаа эрт мэдэрцгээсэн гэж бодоод байгаа. (If it’s insulting u, sry mate! U know me). Тэгэхээр Австралийн компаниуд царай зүсээр ялгаварласан байдаг юм бол хэдэн Монголчуудаас царай муутуудыг нь л түүгээд байгаа болж таараад байгаа. Тэгэхээр оззинуудын юунд ач холбогдол өгдөг, юуг нь илүү үнэлдэг нь манайхнаас арай өөр юм шиг санагдаад байгаа юм.

Australian Value

Монголд чинь биднүүс өдөр бүр эр эмгүй, гадаадын брэнд хувцасны эрэлд хатаж, гадаадын /хоолны газар, курс дамжаа, цэцэрлэг сургууль, тоглоом, ном, хүнс, гоёл/ гэсэн юм болгонд байдаг мөнгөө гөвж, үнэтэй эд юмсаар гадар талаа чимж, өөрсдөө ч тэрнийхээ хэмжээгээр сэтгээд, гадаадаас үнэ зодож олж ирсэн тогосны өднөөс цаашихыг нь олигтой үнэлгээнд оруулдаггүйгээсээ болоод хөгжил буруу тийшээ яваад, хүний /ялангуяа Монгол залуусын/ чадвар, мэдлэг үнэгүйдээд байдаг шиг байнаа. Чадвартай мэдлэгтэй хүн тэрийгээ үнэлүүлээд хүссэн, сонирхсон юмандаа зарцуулж, мэргэжил, туршлагадаа улам ихийг зарцуулах гэхээр нэгдүгээрт тэрийг нь үнэлэх орчин алга, хоёрдугаарт хүсэл сонирхолд нь тэр бүр нийцэхээргүй шал өөр юманд нийгмээ дагаад уусаж автахад хүрээд байгаа юм шиг. Чадваргүй, чадвараа нэмэгдүүлэхгүй, юм хийж бүтээж бий болгохгүй байж л хэдэн давхар байшин сав, гоёмсог Ну-А, үнэтэй хувцас, эдлэлээрээ өрсөлдөхөд хүрээд байвал улс орны хөгжил яригдахад хүнд л байх болов уу. Ард түмний маань юунд үнэлгээ өгч, юуг чухалчилж байгаа нь барууны хөгжсөн улсуудынхаас арай л өөр байдаг шиг байна шүү, бодолцоно бизээ. Гадаадад бол эд хөрөнгө зөвхөн шударга хөдөлмөрөө шударгаар үнэлүүлсэн хүмүүсийн шалгуур болж чаддаг. Манайхан ахуйн төвшинд нь дуурайгаад сэтгэлгээний төвшинд нь бараадахгуй хоцроод байнаа.

Гайгүй гар утас бариагүйгээсээ болоод эцэг эхийнхээ мөнгөөр түрээ барьж пээдийдэг оюутнууддаа үнэлэгдэхээ больж буй их сургуулийн багш нар байдаг гэж дуулдвал аан тэр чинь Монгол ш дээ л гэхээр болж байна шүү. Жаахан гүзээ сууж, гонж занги царайлж явахгүй бол гэдэн годон гэсэн, энгийн хувцастай бизнесменүүдийг албан байгууллагууд шууд үүдэн дээрээсээ л үнийг нь тогтоогоод оруулахаа байчихдаг ч гэнэ үү, үлгэр домог шиг юм л дуулдаад байх болж. Наанаа байгаа дээрээ сайд болох бэлтгэлээ базааж, харвингаа бэлдээд байж байгаарай гэх хүн хүртэл гарч байна шүү дээ, яанаа. Эрүүл амьдралын горим, хэм хэмнэл тэгж ихээр алдагдчихсан юм болов уу. Ардчилал, Үнэн сонингуудынх нь мэдээлж байгаагаар Ард түмний амьдрал ядуураад л гэхийн, Африкийн тураалд орчихсон хүмүүс шиг л таргалахтай манатай болсон баймаар даа уул нь. Амьдралтай юм уншчихмаар, мэдчихмээр л санагдахын. хэхэ. Монгол хүн Монголд үнэгүйдээд, үнэлэмж нь буураад, гадаадынхан тахин шүтэгдээд, тааваараа жаргачих гээд байгаа дуулдаад байна. Гэтэл хөгжсөн оронд ирээд харахаар юм бүхэн нь эсрэгээрээ байх юмаа.

Австраличууд лав Австрали хүн гэдгээрээ бахархдаг, халтар царайтай, ислам, муслим цагаачид нь хүртэл “Оззи Оззи Ой Ой Ой, Proud to be an Australian” гээд л юм бүр дээр далжиганаад л байдаг, ард иргэд нь аймшгийн үнэтэй Made in Australa гэсэн бараануудаа их авна, тэрүүгээрээ бас гайхуулна, Австралийн брэнд Биллабонгийг нь өмсчихсөн хүмүүс далай эргээр нэг бэлчинэ. Ийм байхад чинь Австрали хүний үнэлгээ өгсөж, өндөрлөгт хүрээд, өндөр цалингаар цалинжихаас яах юм. Бусдыг шохоорхтол нь Австрали юмандаа үнэнч байж, австралитай холбоотой юмнуудын үнэ цэнийг тэнгэрт хадааж байна шүү дээ. Өөрсдийгөө үнэлж, өөрсдөөрөө бахархаж, өөрсдийнхөө хийсэн юмыг үнэ цэнэтэй байлгаж байж баяждаг юм байна, ардууд минь ээ, бидэнд бас боломж байна. Үнэт зүйлс гэдэгтээ юуг оруулах талаараа хэдүүлээ бодолтой байяаа. Биднүүс шиг цөөхүүлээ улс Хүн гэсэн үнэ баялгаа хамгийн нэгдүгээрт тавих байх, тэгээд л цаашаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг, хувийн хариуцлагаа ухамсарладаг залуу үе гээд л цаашаа явна шүү дээ. хэхэ. Хөгшчүүл маань хүүхдийн үгийг үг гэж тоох биш ямар, нохой хуцав уу яав л гэх байлгүй. Их ангалзвал бага шиг давар гээд бүүр буруу тийшээгээ бух шиг зөрөөд явчихна. Арай жаахан хөгшин хүн гарч ирж тэдэнд үгээ хэлж, үлгэр дуурайл үзүүлэхээс болохгүй ээ. Мэр сэрхэн гайгүй хүмүүс, гайгүй үнэлэгдэхээр төвшинд хүрчихээд, хэрэгжүүлчих боломжтой санаануудаас маань туугаасай билээ. Нийгэмд ядаж нөлөө үзүүлэхүйц төвшнийхөн уул нь санаа аваад санаачлагатай байж чадвал бидний цөөхөн Монгол ч дороо л ханарна даа.

Монголчуудын арьс өнгөний үзлийн талаар

Анх Австралид буухдаа би болон манай гэр бүлийн хүн хятад, вьетнамуудыг хүн гэж үзэхгүй ээ. Аминдаа өөрсөддөө үндсэрхэг энэ тэр гээд цол хайрлачихсан баясаад л явна. Намхан ази л харагдвал муусайн төлөгнүүд, хужаанууд гээд л, өөрсөд шиг нь Чингисийн Монголчуудын өмнө сөгдөх ёстой юм шиг л боддог байсан шиг байгаа юм. Өмнө нь өөр газаруудад зөндөө л очиж байсан ч ингэж жил сараар сунжирч, дотор гаднахгүй судлах хэрэгцээ гардаг байсан биш. Харуудыг бол бүр яг л сармагчины төрөлтэй хамгийн ойрхон нь, бас бүдүүлэг, гэмт хэрэгтэний төрхтэй гээд итгэчихсэн л явдаг байлаа. Ямар ч харыг негр л гэнэ, хажуугаар явахад нь нига нига гээд л, хөөрхий амьтад гайгүй соёлтойнууд нь таардаг байсан уу яасан, ямар ч байсан ирээд цохиод авдаггүй л байж.

Харин Австралид удсанаар бидний энэ бодлууд их өөрчлөгдөж, сэтгэлзүйн хувьд нэлээн глобалчлагдсан. Чадалтай, боловсролтой, соёлтой хар арьстанууд бас байдаг. ТВ-р нь мундаг авъяастай, царайлаг, за ер нь л хүний байж болох бүх л төлөвт хувирсан хар шарууд дүүрэн гарах тул тархиа ч сайн угаалгасан даа. Угаасаа ч Австрали улс цагаачдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, гэхдээ Америк шиг буруу, зохион байгуулалтгүйгээр ард иргэдийн тоог өсгөх гээд байдаггүй, анхаас нь системтэй бодлого баримталж, их хэмжээгээр эрүүл, чадварлаг гадаадынханыг импортлоод байх шиг байна. Тэднийгээ ч их дэмжиж, Австралид нь аль болох аятай, тухтай байлгах бүх төрлийн мэдээллээр хангаж, боломжыг нь их олгодог шиг байна шүү. Цагаачдынх нь 70 хувь нь эрүүл саруул, өндөр боловсролтой, ур чадвартай, ид бүтээлч насныхан байдаг гэгддэг.

Би өөрөө ч гадаадад цөөнх болж амьдрахад хавчиж гадуурхахгүй байх нь тэдэнд дээр байдаг юм байна даа л гэж дүгнэсэн. Хүнийг чаддаг юмтай бол заавал хийж бүтээхэд нь хориг саад тавьж, гадуурхаад байдаггүй нь Австралийн давуу тал гэж би хэлнэ. Миний анх мэргэжлээрээ ажилласан газар маань дан Австраличууд ажилладаг боловч ганц том хэлтэсийн дарга нь хагас дутуу яриатай хятад хүн л байсан юм даг. Хятад босстой байсан гэчихэнгүүт Австрали дахь бусад Монголчууд чи ч бас хятад гэж туйлширдаг нь үнэн инээдтэй. Цагаа тулбал бүгд л хятадуудын аяга угааж, жорлон цэвэрлэсэн л байдаг. Монгол хүн гадаадад бусад азиудаар аягаа угаалгаж чадахгүй байгаа нь бидний дотороо хэмлэлддэг, хардаж сэрдэх дуртай, эвлэлдэн нэгдэх чадваргүй, нийтэч бус занг харуулдаг.

Австралийн иргэншил авсан ч өөрсдийгөө 2-р зэргийн иргэний тоонд оруулах хүсэлтэй гутранги үзэлтэй монголчууд байх нь байдаг. Хэн тэднийг 2nd class citizen-д өөрсдийгөө харъяалуул гэсэн юм. Өөрсдөөс нь л болж байгаа юм. Гадаадынх мөртөлөө бид хүртэл магтуулаад, мандуулаад болоод байхад чинь өөрсдийнхөө өөдгүйгээс л доод давхрага руу шидэгдэж байгаа юм.

Миний хувьд Монгол хүн гэдгээ нуулгүй, ичиж зовохгүй хүн болгонд монголын тухай, монгол гаралтайгаа, монголын давуу дутагдалтай талуудын талаар яриад л явж байдаг, эндхийнхэн ч их сонирхдог. Харин монголоо сурталчлах гадаад хэл дээрх материалууд ахиухан авчирвал зүгээр юм гэж бодоод байгаа.

Бас нэг юм тэмдэглэхэд Австрали нь Ази-Пасифик буюу Азийн орны тоонд ордог тул Азийн миссийн тэмцээн гээд Интернетээс хайгаад үзвэл олон сайхан Австрали хүүхнүүдийн зураг олж болно шүү.

Аль хот азиудад ээлтэй вэ

За ямар ч байсан TВ-р нь гадаадынхантай холбоотой нэг шоу гарсан юмдаг. Энэ нэвтрүүлэгт NSW, Sydney хот олон үндэстнүүдэд хамгийн нааштай ханддагаар шалгарсан шүү. Нэг хэлгүй хужаагаар Bondi beach хаана байдаг вэ гэж баахан эвгүй хэлүүлж асуулгаад л, нэг муслим шашинтай араб ч юм шиг алчууртай хүүхнээр зоос цуглуул гэж гудамжинд зогсоогоод байсан. Сиднейгийнхэн их зоос өгч, их сайн зааж өгөөд байсан юм шиг байгаа юм.

Надад ч бас амьдарч байсан хотуудаа харьцуулахаар Сидней илүү олон үндэстэнтэй нь мэдрэгддэг. Бас Gold Coast бол жуулчлал их хөгжсөн, тэр чигээрээ л баян япон, солонгосууд дүүрэн болохоор гайгүй машинаа унаад, гайгүй хувцасаа өмсөөд, гайгүй газаруудаар нь явахаар гайны муусайн үйлчилгээний ажилтанууд нь газар шүргэтэл мөргөж сөхрөөд л мөнгөө л өгчихвөл мөрөөдсөн болгоныг чинь биелүүлээд өгье гээд л мөөрч өгнө шүү дээ. Энд гайгүй ажил хийдэг л болчихвол байр сав, унаа тэрэг болон материаллаг бүх юмыг зээлээр авах боломжыг бүх банк, шопууд санал болгодог.

ТВ-р нь бас Австралийн Хамгийн ухаантай Хүүхэд гэж тэмцээн жил болгон явагддаг. Топ 5-д нь заавал 2-с дээш ази хүүхдүүд тууж явдагийг нь эхэндээ гайхдаг л байлаа. Миний муу бяцхан бүлтүүш сэргэлэн юм чинь ингээд Австралид мандаад байж болох юм биш байгаа гээд л.

Жил бүр болдог нөгөө монголын Одод болохын хүслэнтэй адил Australian Idol (copy of American Idol) гээд тэмцээний анхны ялагч нь Малайз гаралтай, ази царайтай Австрали залуу байсан, ноднингийнхад бас Ирланд л байхдаа бодвол Irish залуу түрүүлсэн. Тэгэхээр авъяастай, чадвартай бол Австралид арьс өнгөнөөсөө болж асуудал үүсэхгүй байх шиг байна гэж бодоод байгаа.

Австралийн том албан тушаалынхан нь голдуу л гаднаас ирж суурьшсан гадаад царайтай хүмүүсээс гаралтай л байдаг. юм Австраличууд ард иргэдийнхээ тал шахуу нь л гадаад гаралтай гээд л гайхуулаад байдаг. Тэгэхээр жижиг хот арьсаар ялгаварладаггүй, зүгээр л олон үндэстэний төвлөрөл арай үүсээгүй учраас л зарим монголчуудад хэцүү санагддаг байх гэж боддог. Эсвэл хар ажилчин, оюутан, эмзэг бүлгийнхэн гээд харьцдаггүй байж болох л талтай.

Sydney, Gold Coast хотод маш олон газараас хүмүүс ирдэг, их төвлөрсөн хотууд, үйлчилгээний ажилчид нь бүгд л Англи хэл муутай хүмүүстэй харьцаад үзчихсэн, сурчихсан удаан, тогтуун, ойлгомжтой ярих гэж хичээдэг бол жижиг хотууд дахь хүмүүс хааяа Aussie аялга буюу баахан үг бөөнтүүлж нийлүүлээд, тахир дутуу нь хамаагүй базаад нэг үг болгоод чулуудчихдаг ойлгоход хэцүү Англи хэлээр ярих нь бий. Ялангуяа утсаар ярьдаг ажил хийх үед илт мэдрэгддэг юм. Үргэлжлэл 3. Англи хэл

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: