8-Why studying?

Posted on August 21, 2007. Filed under: Australia |

Мэргэжлийн ажил сонирхох

Өмнөх 7. Мэргэжлийн бус ажил Суралцагчид юуны төлөө сурдаг вэ. Австралийн Сидней хот буюу ажиллагсад ихтэй ганц хотоос нь бусад газруудад байгаа Монголчуудын дийлэнхийг оюутнууд болон тэдний гэр бүлийнхэн эзэлдэг гэхэд хилсдэхгүй байх. Оюутны виз бол хамгийн үнэмшилтэй шалтгаан бүхий амархан бүтдэг визний тоонд орно. Гол асуудал нь мөнгө л байдаг. Тэгээд ч дэлхийн хэл болсон англи хэлийг илүү сайн сурч, ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд чанар сайтай, аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол олж авахыг миний үеийн олон олон залуус хүсч явдаг. Гэхдээ сургуулиар олж авсан боловрол бол мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин болоход зөвхөн тавны нэгийн хэмжээнд хүрэх суурь мэдлэг л олгоно. Хэдэн жилийн туршлага, мэргэжлийн талбар дээрх практик дадлагагүйгээр хичнээн үнэтэй, сайн сургууль төгсөөд ч мэргэжлийн түвшингээрээ шууд дээгүүрт тооцогдоно гэж байхгүй, яахав суурь сайтай байж магадгүйд л тооцогдоно гэсэн үг. Гэхдээ энд ирээд анзаарсан зүйл бол Австраличууд сургуульд нь хүнээр хүн л хийхийг зорьдог, хэн болох, юунд хүрэх гээд байгааг нь сургууль сонгодоггүй, зөвхөн боломжыг нь бүрдүүлж, чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг ба хүнийг мундаг эрдэмтэн, супер шинжлэх ухаанч, хосгүй мэргэжилтэн болгох нь зөвхөн тухайн хүний дур сонирхол, сонголт, авъяас чадвар л мэдэх хэрэг байдаг юм шиг. Монголчууд шиг маань болсон болоогүй, мөнгөтэй мөнгөгүй, бусдын албадлагаар, хэн нэгний сонголтоор, ямар ч хамаагүй юманд заавал сурдаг, төгсдөг, халтуурддаг тохиолдол үнэхээр бага ажиглагдана шүү. Дийлэнх залуус дээд боловсрол эзэмших гэж хошуурахгүй, их сургуулийн оюутан болох ховорхон аз зөвхөн ард түмний цөөнхөд ноогдоно. Мөнгөтэй нь сурна, мөнгөгүй бөгөөд суралцах маш их хүсэлтэй нь мэдээж онц төгсөж урилгаар элсэнэ, эсвэл тэтгэлэг, зээл авна, голдуу л Австрали залуус амьдралд хөл тавьж, ажил хийж, нийгмээ бүрэн бүтэн болгох эд эс нь болж, элдвийн юманд өөрсдийгөө зовоолгүй аз жаргалтай амьдарцгаадаг мэт санагддаг даа.

Мелбурны Магистрант оюутан Тамирын Австралид суралцах тухай мэдээлэл
Миний хувьд сурч боловсрохыг туйлын зорилгоо болгож дээдэлдэг соц үеээс гаралтай эцэг эхтэйн хувьд Монголдоо бас ч үгүй учраа олоод Улаанбаатартаа л чансаа өндөртэйд тооцогдох сургууль төгсөөд, ажил амьдралын зах зухаас их багаар амсаад явж байсан болохоор Австралид ирээд болж өгвөл монголдоо сурахаас илүүд тооцогдох англи хэл, австралийн компаний ажлын дадлага, мэргэжлийн төвшнөөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөх – “world wide acceptance” гэх мэтийн юманд л илүү анхаарлаа хандуулдаг байлаа. Хичээлүүд нь яах вэ, заадгаа заагаад л, хэрэгжүүлчихвэл зүгээр юмнуудыг онолын талаас нь үзээд л явдаг.

Би өөрөө хичээл хунар гэж монголдоо хангалттай нүдүүлж байсны хувьд зарим нэг халтуурдаж байгаад ирсэн хүмүүсийг бодвол зовох нь бүү хэл жаргалаа эдэлсэн гэж хэлж бараг болно. Австралийн их сургуулиар суралцлаа гээд учиргүй ихээр онолын мэдлэг маань нэмэгдэж, тэлж сүйд болоогүй, угаасаа л мэргэжлийнхээ хувьд сонирхдог чиглэл маань тодорхой болчихсон байсан, тэрүүнтэйгээ холбоотой хичээлүүд сонгоод л, сонголт муутай бол байгааг нь үзээд л, өгсөн үүрэг даалгаваруудыг нь чадах хэмжээгээрээ хийгээд л явдаг байлаа. Монголд үзэж байсан хичээлүүдээрээ зарим хичээлийн кредитийг цуглуулж, овоо ч мөнгөө хэмнэсэн. Монголын маань боловсрол ямар ч байсан баруунд ирээд хүлээн зөвшөөрөгддөгийг Монголоос энд ирээд мэргэжлээрээ шууд ажиллаж байгаа хүмүүсийн жишээнээс харж байсан л даа. Ур чадвартай, Монголын боловсролтой, Англи хэлний төвшин өндөртэй, хамгийн гол нь баруунд ажил хайх мэдлэг, туршлагатай л бол Австрали мэтийн англи хэлтэй улсад иргэдтэй нь эн зэрэгцэж ажиллаж, суралцах боломж багахан боловч байдаг гэж бодож байна.

Оюутан ахуй насанд минь надад сурч боловсрох асар их боломжыг олгож, үнэт цагаа дэмий өнгөрүүлэхээс маань аварсан ачит аав ээж, ах эгч нартаа л одоо их талархаж явдаг даа. Тэд намайг хичээлээ хий гэж хэзээ ч хэлдэггүй байсан, харин ч орой үдэш сууж хичээл хийх гэхээр цагаа зөв зохицуулж байхад яадаг юм, өдөр алдаж шөнө гэх мэтээр загнуулдаг л байлаа, гэхдээ л сурч боловсроход шунан дурлах ухамсар төлөвшүүлж, орчин бүрдүүлж чадсаныхаа үр шимийг тэгэхэд л үзэж байсан байх гэж боддог юм. Би ч нэг их ухамсартай, боловсорчихсон хүн биш л дээ, гэхдээ дур сонирхолгүй хичээлдээ хүртэл хариуцлагаа ухамсарлаж, бусдаар заалгаж, чичлүүлээд байлгүй шиг хийхээ хийгээд, эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй, чухал хичээлдээ арай их анхаараад явахыг л боддог, энэ маань ч барууны магистрын сургалтын системтэй их таарч тохирсон доо. Хэн ч намайг сурсангүй гэж албадахгүй, сураад өгөөч гэж гуйхгүй, сурахгүй бол шалгарал явагдаад л дороо арчигдана. Суръя гэж бодож явдаг хүмүүс сурахыг сурчихсан байх хэрэгтэйг эхлээд ойлгох хэрэгтэй. Би ядуухан айлын наймаа хийгээд, хичээлийн завсраар хар ажилд гүйдэг байсан оюутнуудыг мэднэ л дээ. Тэдний дэргэд би азтай хүн байсан, австралид ирээд харин амьдралаа хэний ч тусламжгүйгээр бие даан авч явах гээд тэдний жишгээр амьдрахдаа бас л амаргүйг нь мэдэрч байсан. Харин азыг ашиглаж чадахгүй, аав ээжийнхээ мөнгөөр туйлаад, алт мөнгийг авдраас (ATM-с) л гарч ирдэг ирдэг юм шиг ойлголттой явдаг байсан анд найзууд маань амьдрал дээр гараад аав ээжийн сахалтай хүүхдүүд, албан газрын цомхотголд өртөгч, арга ядарсан арчгүй амьтад, авгай хүүхдүүддээ ад үзэгдсэн, амьдралд бэлтгэгдээгүй хувалзууд болсон тохиолдлууд бас мэр сэр бий. Тэдний нэг болохгүйн тулд өгсөн үүрэг даалгавруудыг тогтоосон цаг хугацаанд нь яс хийчих санаатай л үзнэ шүү дээ.

Даалгаварууд нь голдуу л их нээлттэй сэдэвтэй, юу ч хийж, яаж ч төөрч будилж, нээж илрүүлсэн байж болдог, гол нь хийсэн гэдгээрээ л дүгнэгддэг байсан санагдаж байна. Жоомны хөлнүүдийг нь тасалчихаад үсэр гэхээр үсрэхгүй болохоор нь чих нь хөлөндөө байдаг юм байна лээ гэсэн assignment бичээд л тууж явсан байлгүй бодвол, хэхэ. Австрали дахь амьдралын маань хувьд өмнө нь хэлсэнээр сургуулиар сурах барих ч угаасаа сонин байгаагүй ээ, хүн бүхний шахуу чадчихаар л зүйл, гол нь ажил дээр гараад, амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэхэд ямар байдгийг үзээд, мэдээж гадаадад гарсаных боломжтой бол ахиухан мөнгөтэй болоод, ар талаа баталгаатай болгох нь юу юунаас илүү чухал байлаа. Авилгал, арын хаалга, луйвар, лоббиндоо нэгэнт өөдтэй сайн суралцаж чадахгүй байснаас хойш Монголынхоо нийгэмд хаалтгүйгээр мацаж гарч ирэхийн тулд хэн дуртайнуудынх нь чадаад байдаггүй барууны жишигт хүрсэн ажлын талбар дээрх туршлага, англи хэл дээрх мэргэжлийнхээ шинэчлэгдсэн зүйлүүдтэй цаг алдалгүй танилцах чадвар, хэнээс ч хаана ч гуйхгүйгээр, дуртай ажилдаа, хүссэн мэргэжлээрээ гуйлгаж, шилэгдэж ажиллах боломжыг хайх нь зөв байсан л даа. Энэ талын юм монголд тун удахгүй урьд өмнөхөөсөө илүүгээр үнэлэгдэж эхэлнэ гэсэн прогнозтой байгаа байх.

Оюутнуудыг мэргэжлээр нь болон амьдралд бэлтгэх

Амьдрал үргэлжилсээр, авдаг хэд ч ахисаар явтал хэл ус ч дээрдэж, магистрийн сургалт маань талдаа орох шахсан байлаа. Сурахын үндсэн зорилгыг сурсанаа хэрэгжүүлэх гэдэгтэй санал нийлдэг болохоор Сургуулийнхаа Career & Employment Service-нхэнээр ойр зуурын юмаа заалгаад жил бүр болдог Career Expo-д нь идэвх царайлан оролцож, баахан л компаниудын танилцуулга цаас цуглуулаад л явдаг, өнөөхөө хааяа санахаараа бөөнтүүлж хогийн сав руу хийдэг ажилд бүр их идэвх зүтгэл гаргадаг байлаа даа. Энд тэнд ажил хайх, ярилцлага өгөх талаарх сургалт, семинарт мэр сэр сууна.

Оюутан байх хугацаандаа бас зүгээр байсангүй мэргэжлээрээ юм хийчих санаатай Интернетээр уйгагүй л хайдаг байлаа. Анхандаа буруу ч хайдаг байж, асуусан юманд нь ч буруу л яриад, өөрийгөө зөв талаас нь илэрхийлж мэддэггүй байж. Гэхдээ л өөрийгөө доош нь дээш нь хийн барин ганц 2 Австралийн компанид цалингүй дадлага хийгээд ч амжлаа. Зарим цалинтай ажлуудаас “Unfortunately” гэсэн хариу зөндөө л авах боловч үнэн тоодоггүй байж дээ.

Ойр тойрныхон болон өөрсдийгөө надаас дээгүүрт тооцдог танилууд маань намайг мэргэжлийн талбар дээр туршлагагүй, бусад монголын эрдэмтэн докторууд хүртэл гадаадад мууханд тооцогдох амьдралтайгаа эвлэрдэг, ичих булчирхайгүй амьтан, одоо боль, сэтгэл амар хар бор ажилдаа зүтгээд яв энэ тэр гэж их л сайн санаж мэргэн зөвлөгөөгөө өгдөг байсан ч надаас илүү мөртөлөө боломж бололцоогоо ашигладаггүй, тэднийхээ өмнөөс ичиж зовж, тэднийхээ өмнөөс өөр газрууд дээрээ илэг байтугай савхи шир арьс үс хүртэл наалдан падаар нааж, боож авдаг байв даа. Хэхэ, ямар ч байсан өөртөө үнэнч байж, өөрийнхөөрөө зүтгэж, алт ч чихсэн, авс ч шидсэн гөжүүдэлж, илжиг шиг зөрүүдэлсээр аяндаа ажил гээчийг нь хайж ч сурдаг юм байна, ажил хайгчаас юу эрэлхийлдэг, юу юу асуудгийг нь ч багцаалддаг боллоо доо. Байнга асуугддаг асуултанд түгдрэлгүй хариулах хариулт олдоно гэдэг чинь эхээс төрсөн авъяас байгаад ч анхны оролдлогоор бол бардаггүй л даваа шиг санагдсан шүү.

Би өөрөө мэргэжлийн тал дээр цагаан гартай өөдтэй юм Монголдоо хийж үзээгүй л ирсэн л дээ. Дэмий зэврээд л Монголдоо хэнд хэрэгтэйг нь мэдэхгүй юманд цагаа үрээд л явдаг байсан шиг байгаа юм. Намайг хэн нь ч тоож хэрэглэхэв, нохойг хэн нь ч тоож саахав гэдэг шиг л. Ер нь бид чинь өөрсдийгөө хэрэглүүлчих гээд гүйгээд явахаа ч мэддэггүй, мэлэн хойлог /меланхолик/ талдаа ард түмэн юм шиг байна лээ.

Хүнийг багаас нь тэгж өөрийнхөө төлөө амьдарч, өрөөл бусдаас горьдолгүй, бие дааж сураад, өөртөө үнэнч, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байлгах тал дээрээ Монголын нийгэм болон залуус бид өөрсдөө ч маш хайнга, хариуцлагагүй ханддаг /тиймдээ ч ядуу байгаа юм билүү/, дунд сургуулиа төгссөн ч гэсэн аав ээж нараа мөнхийн зууралдаастай явах юм шиг санадаг, аав ээж нар нь байнга л хүүхдүүд, ойр тойрныхоныхоо чихнээс нь хонх уяж, юуханд ч хушуу дүрж, хүүхдүүдийг өөрөө сонголт хийж, өөрийнхөөрөө юмыг шийдэх, алдаа онооноосоо өөрсдөө суралцах тал дээр нь бага анхаардаг юм шиг санагддаг болсон доо. Дэмжлэг тусламж гэж эндүүрээд байгаа зүйлээ хэмжээ хязгаартай байлгах талаар бодож явахгүй бол бид ард түмнээрээ Австраличуудаас лав хоцрогдчих гээд л байгаа харагдаж байна шүү. Монгол маань ядуу улс болохоор эцэг эхчүүд дийлэнх нь хангалттай мөнгөний хуримтлалгүй, өндөр орлогогүй байдаг мөртөлөө өөрсдийгөө өөд нь татахаа бодохгүй, том болсон үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд өр зээл тавиад ч хамаагүй сургана, өнөөдүүл нь нийгмийн ид ажиллах чадвартай, бүтээмж өндөртэй бүлгийнхэнийг өөр юманд сатааруулна, төгсөж дуусаад ч хэт олуулаа болохоор бүгд бүгдээрээ амьдралаа аваад явчих хэмжээнд тэр бүр хүрэхгүй. Одоогийн Монголын нийгэм дэх оюутны бүлэг бол хэтэрхий их нийгмээс шимэгчилдэг, нийгэмдээ нэмэр болохоосоо илүү гай тарьдаг бүлгийнхэн болчихоод байгаа харагдаж байна. Нийгэмдээ нэмэр тус болохоор ямар нэгэн юманд дайчилбал тэдэнд маань их нөөц боломж байгаа, алтан дээр суусан гуйлгачин болохгүйн тулд тэднийгээ ашиглаж сурах талаар бас арай л их толгойгоо ажиллуулмаар байна даа.

Эндэхийн оюутан сурагчид тэр бүр хэн нэгэнд найдаад сууна гэж байхгүй, яаж ийгээд л ямар нэгэн юм хийхийг л боддог, сурч байх хугацаандаа ч зүгээр суухгүй амьдралаа бие дааж авч явахыг л хичээдэг юм шиг санагдаад байсан шүү. Аав ээжийндээ хэвтэж байрны түрээсээс хэмнэсэн ч гэсэн part-time ажлууд хийж, халаасны мөнгөөр бийлэгжүү явах гэж хичээдэг юм шиг. Сурах процесс бол мэргэжлээрээ бэлтгэгдэхээс гадна бас амьдралд бэлтгэгдсэн бие хүн болох чухал үе шат, жинхэнэ шалгарал явагддаг амьдралын нэгээхэн хэсэг юм байна гэж дүгнэсэн. Тэгээд ч Австралийн компаниуд нь хүн гээч капиталыг яаж ашиглахаа маш сайн мэддэг болчихсон, ажлын хуваарилалт, зохион байгуулалтыг нэлээн нарийн хийдэг юм байна гэж анзаарсан. Сул зогсолт гэж юм барагтай бол байхгүй, чадахгүй хүнийг заавал хүчээр гүрийлгээд байхаа бодохгүй, гэхдээ Со шиг, Наран улс шиг болсон болоогүй бүх юманд тийм айхтар ард түмнээрээ ажилчин шоргоолж шиг хурдан темпээр гүрийцгээдэггүй боловч үр дүнтэй юмандаа хүч хөрөнгөө хаядаг, их ухаалаг зарцуулалттай, хуваарьлалт нь манайхан шиг шог биш л байдаг юм байна гэж биширдэг.

Эндээ эхний жил хагаст олон улсын төвшиний, Япон, Америк, Английн том жижиг компаниудад хийж өгсөн хэдэн сая долларын төслүүд, хийсэн, бүтээсэн, амжуулсан зүйлүүдээ эргээд харахад очиж очиж над шиг юм яаж чадсан юм болдоо л гэж бодогддог юм. Над шиг юмны гараас юм гаргаж чадаж байгаад нь би хүртэл шүтсэн шүү. Хийсэн юмаа эргээд харахад би энийг чадлаа гэжүү дээ гэхээр л санагддаг даа. Бүх монгол л тэгдэг юм. Тэрүүнтэй нь ч дасал болж дээ. Зарим workaholic Австраличуудад бол ч чамлалттай л санагдах байх. Энд ямар ажлын цаг хийдүүлэх нь бүү хэл ууж идэж, тухтай бие засах ч боломж олгохгүй л зүтгүүлдэг юм чинь. Хувийнхаа юманд ажлын завсраар гүйчих санаа их байвч хүрд эргүүлэх боломж олдохгүй л яваад байдаг даа.

Монголд уул нь хүн капиталууд зөндөө байгааг олж хараад л байна. Юунд яаж хэрэглэгдэх нь тодорхойгүй л байгаад байх шиг. Хүн нь хэрэглүүлэхээ ч мэдэхгүй юм, бусад нь хэрэглэхээ ч мэдэхгүй юм. Монголын экспортын гол бүтээгдэхүүнд нь хар ажил хийх чадвартай ХҮН хүч маань тооцогдох болоод байна уу үгүй юу. Толгой дээр байгаа хэд нь ч толгойгоо бүрэн ашиглаж чадаж байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэдээ, буруу яваад байна, болохгүй байна гэсэн массын толгой угаасан юм л интернетээр их бичигдэх юм. Ард түмний дотроос идэвх санаачлага гаргаад, awareness үүсгэх боломж бодвол байдаг л байх. Гадаадад гарч гахай шувууны мах идэж үзсэн улс л буцаж очоод, соёлын үр тарилцах байлгүй дээ. Маниус шиг мангуунууд нь дотооддоо их хэвтээд дотоодоосоо цаашихыг нь төсөөлөхгүй яваад байсан ч юм уу, ямар ч байсан хөгжсөн улсын дайны сэтгээд, сэхээрүүлээд, үзүүлээд, харуулаад, нэвтрүүлээд, дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлээд байхаар юм бодож олж, сүйд болдоггүй л байж дээ, янз нь. хэхэ.

Ажил хайх авъяас эхээс төрөхөд заяадаггүй

Ажил хайгчдад сургалт семинар сайн явуулахгүй бол Монголд байдаг шигээ дандаа танилын сүлжээ, хээл хахуулиар болгоод байна гэж юу байхав. Монголчууд гадаадад гэлтгүй л дөнгөж төгсөөд танилын болон мэргэжлийн сүлжээгүй хүнд хэцүү байдлаас л эхлэнэ шүү дээ. Монголд гайгүй сургууль төгсөж байсан, гайгүй нэр хүндтэй газруудад ажиллаж байсан хүмүүс Австралид аргаа олохгүй, ажил хайж сурахгүй их цаг алддаг. Амьдрал үзээд, ажил өөрөө энд тэндээс олоод, хийж үзэж байгаад ирсэн хүмүүс бол харин бусад монголчуудыг царай алдах нь бүү хэл ажилгүй нэгэндээ ажил олж өгөөд байх шиг байдаг. Миний хувьд бас л их барьц алдсан, ажил хайх гэдгийг анхан шатнаас нь эхэлж суралцахад хүрсэн. Анхны ярилцлагандаа усан тэнэг хүн шиг л юм ярьдаг байсан байх. Гэхдээ яадаг юм, хүн бүрт, ялангуяа залуу хүнд мэдэхгүй, чадахгүй юм зөндөө л байдгаас хойш, үлдсэн амьдралынхаа туршид мэдэж авах, сурах боломж зөндөө л байхад Тал аягатай пивоны тал нь хоосон гэж гутрахгүй, тал нь дүүрэн гээд л баясаад явахад зүгээр ш дээ. Тэгээд ч залуу хүүхдүүд ямар нэгэн юм эхлэх үедээ тэнэг байх эрхтэй л байдаг байх. Өөрийнхөө олон алдааг уучилж, өршөөх боломж сайтай байсандаа баярладаг. Хөгширсөн хойноо хэл сурах гэж зовдогтой адил бас ажил хайж сурах гээд явж байвал ч хэцүү л байх. Ядаж л өөрөөсөө ичээд хүн хард ч тэрийгээ ойлгуулах гэж зүдрэнэ шүү дээ. Хэхэ, яваад бай явсан нохой яс зуунаа гэдэг бас үнэн шүү. Суусан цэцнийг явсан тэнэг гүйцээд хүслээ гүйцэлдүүлж чадсан л юмдаг. Бас л сайхан байсан шүү.

За тэгээд ажил төрөлөө ч сайжруулж, Монгол дахь хэд маань ч явуулсан мөнгийг маань зөв зарцуулж, өгөөжөө өгч эхэлцгээсэн гэсэн тул өөрсдийгөө бодох цаг болж гэр бүлийнхээ хүний Англи хэлийг богино хугацаанд сайжруулах арга хэмжээ авахаар болдог юм байна. Хөөрхий минь англи хэлний мэдлэг муутай ирчихсэн, ирэхээрээ сурна гэж их далжиганаад, сурахгүй явж явж ирсэн болохоор ирсэн хойноо адаглаад ажил асуугаад гадуур явахад ч хүндрэлтэй, асуудлууд ихтэй байсан юм. Монголоо ч санаад, бас бүх юманд бие дааж сурахад хүрээд, ядахад англи хэл нь муу болохоор боломжууд нь хумигдаад, үнэхээр сурахаас өөр арга байхгүй хүнд нөхцөл байдал үүссэн байсан нь эргүүлээд түүнд их сайнаар нөлөөлсөн гэж боддог. Хүн challenge үүсэхгүй бол урсгалаараа явсаар байгаад байгаа төвшиндөө гацчихдаг шүү дээ. Анхандаа ч Австралид сайн муу янз бүрийн л курсуудээр мөнгийг нь төлөхдөө төлж, бас аз таараад иргэдийгээ үнэгүй сургадаг курсэд хүртэл мэдэлгүй оруулж сургасаар, Монгол руу хүртэл явуулж сайн мууг нь мэдэхгүй хоёр гурван ч газруудад бэлтгэл хийлгүүлсэнээр ямар ч гэсэн бараг жилийн дотор дээд сургуульд тэнцэх хэмжээний хэлний мэдлэгтэй болдог байна шүү. Өмнө нь бие дааж сурах нэрээр цагаа гарздаж байсныг эс тооцвол доод төвшинээс дээд төвшин рүүгээ системтэй сургалтанд хамрагдаж хурдан сайжирсан байх.

Үүнд хувь хүний хичээл зүтгэлийг нь мөн үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хамгийн сайн курсэд, төлбөрийг нь дааж сургаад ч ахидаггүй хүмүүс байгаад байгааг өөрт тохиолдож буй бэрхшээлүүдээс сайн мэдэх юм байна. Биеэ оторлодог хүмүүст хүч хөдөлмөрөө зарцуулах нь сайн дураар хулгайчдыг өөгшүүлж байгаатай адил санагддаг юм.

Сургууль төгсөх.
За тэгээд сурч байх хугацаандаа л нүхээ бэлдэхгүй бол Австраличууд нь хүртэл диплом нэртэй цаастай төгсөөд ажилгүйчүүдийн арми үйлдвэрлэдэг нь хууль.

Ямар сайндаа намайг төгсөх курсдээ ажлын санал авсан гээд амар тайван байлгахгүй Австралийн сонингийн газарууд ирж сурвалжлага авах гээд байхав дээ. Зураг хөрөг хүртэл авна гэж заналхийлээд, сонингийн зураг гутаасан хэрэгт орохдоо тулсан юм даг. Хүчээр шахуу хэдэн зураг дарахаар болж ажил дээр бүтэн өрөө бэлдүүлээд л, манай ажлынхан өнөө зурганд нь багтчих санаатай бултганаад л, аргагүй бас ажил олгогч нарыг төлөөлж манай маанаг эр (manager-менежер) мандан бадрахаар маньтай цуг зураг авалтын өрөөнд залардаг юм байна.

Яасан ч дуртай юм, угийн л барууныхан урдуур орж ярих дуртай, хамгийн мундаг нь зөвхөн өөрийгөө гэдэгт итгэдэг биднээс эсрэг сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ.

Нөгөө Haier гээд гэр ахуйн бараа үйлдвэрлэдэг Хятадын том компаний Хятаддаа хамгийн муу ажилтнаа шийтгэж зогсоодог зогсоолын дүрмээ Америкийнхаа салбарт хэрэгжүүлэх санаатай өнөөх дээрээ Америк хүн зогсоох гээд бараагүй шиг. Сүүлдээ Америкуудын хамгийн сайн ажилладагийг нь зогсоохоор болж баахан дуртай зогсох хүн олдож, тэрүүн дээр зогсох гэж Америкуудын өрсөлдөж байсан жишээ санаанд орчихлоо.

Бид тэднээс өөр үү

Дэлхийн зөн байгууллагын шугамаар Монголд ирсэн хүмүүс хүртэл Монголын цэцэрлэгийн хүүхдүүдээс ангийн чинь хамгийн мундаг хүүхэд хэн бэ гээд л нөгөө барууныхаараа сэтгээд баахан би би гээд босоод ирэх байх гэж худлаа горьдоод Би л биш дэг, Бат л байх, Болдоо ш дээ гэсэн хариулт сонсож цочирдсон байдаг шүү.

Ер нь монголчуудын ихэнх нь түмний нэгийн дүрдээ түвэггүйхэн итгэчихээд дуудаад дурсаад байхад чинь гарч ирж гавъяа шагналаа ч гардаж авахаа мэдэхгүй гай болоод алиатаад байсан гэсэн шүү. Өөрийнхөө жишээгээр үзэхээр үнэн болж таараад байгаа юм.

За тэр яахав, ямар ч байсан менежерийнхээ ардуур урдуур нь орон барин хүчээр патиараа хэд татуулж аваад л бушуухан л салахын түүс болсон доо. Хэлний төвшин хүрэхгүй байхад чинь хэл сугарч унахад тултал, хичнээн ч юм асууж тамлав даа. Сонин дээрээ тэрийгээ яг хэлсэнээр маань бичсэн бол ч сонингийн газрыг хаалгахад тулсан хэрэгт ч татагдаж мэдэхээр л байсан байх.

Сургуулийн Newsletter дээр хүртэл Success Story-р шалгаруулж үүх түүхээ дараагийн төгсөгчидтэй хуваалцах нь зөв гэх мэтээр нэлээн ухуулга сурталчилгаа зөндөө хийсэн боловч Би гэж нэг гадаадын оюутан, Визний асуудлаа яах вэ нь бүрхэг байсан болохоор аль болох л амьтны ам хэлнээс холуур даялах гэж ажлаасаа ч их цаг зарцуулахад хүрдэг байлаа.

Mongolian Educational System

http://saruul-uhaan.blogspot.com/2007/09/blog-post_16.html

Би бакалаврын зэрэг горилж Монголдоо улсын сургууль төгссөн л дөө. Гадаадад бакалавраар, дараа нь магистраар суралцах тэтгэлэгний шалгаруулалтуудад цөөнгүй тэнцэж байсан ч хувийн шалтгаанаар тохироо нь бүрдэж өгөхгүй яваад байсан юм. Тэгээд ч би алдсан гэж боддоггүй, зөв байсныг нь одоо мэддэг болсон, бакалавраа Монголдоо хийсэн нь оножээ гэдэгтээ бүрэн итгэлтэй явдаг. Тэр үед конкурсээр шигшигдэж орж ирсэн ихэнх оюутнууд эхний 2 жилдээ ийшээ тийшээ тараад алга болцгоосон, үлдэгдэлүүд нь мэдээж сурах үүргээ хагас дутуу ухамсарлаж байсан би болон бидэн шиг цөөхөн хичээлсэгүүд, бусад нь хандивынхан, тэдэн дотроос бас сурах ёстойгоо ойлгож байсанууд нь цөөхөн боловч байсан л байх, голдуу л сургалтын чанарт муу нөлөө үзүүлэхүйц, массаараа маш муу элсэлт аваад эхэлчихсэн үе байлаа даа. Хэхэ, тэгэхээр бурхангүй газартаа л бумба явсан маань надад маш сайхан дурсгалтай санагддаг, бас өөртөө итгэх итгэлийг маань нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэж үздэг. Тэр үед гадаадад гарсан найзууд болон ойр дотныхон маань зарим нь одоог хүртэл төгсөөгүй, зарим нь төгсөж чадалгүй буцаж ирээд бүр эхнээс нь Монголдоо эхэлчихсэн явж ч байх шиг, зарим нь ч хэлний бэлтгэл энэ тэрээ оролцуулаад, арай чамай арваад жилээ үрэн таран хийж байж ганц юм төгсөөд, ажил амьдралаа эхлүүлэх цаг хугацаанаасаа нэлээн хороочихсон, тэрүүндээ харамсаад ч байх шиг. Мэдэхгүй ээ, лав л супер түүхүүд нь одоогоор маш цөөхөн байгаа байх, төгсөөд гайгүй явцгааж байгаа нь удахгүй олшрох байхаа.

Ямар ч байсан миний хувьд мэргэжлийн чиглэлийн олимпиадад ордог, түрүүлдэг сод хүүхэд байгаагүй ээ, жирийн л нэгэн, чадах хэмжээгээрээ идэвх гаргаад гүйдэг оюутан байсан байх. Угаасаа ч би нэг их академик хүн биш шиг байгаа юм, учиргүй их онол үзээд, нарийвчилж судлаад сууж байхаар, хэрэглээнд оруулчихаар практик зүйлсэд л их ач холбогдол өгдөг байсан байх. Австралид суралцахад хичээл хүнд байсан уу гэвэл үгүй. Тэгэхээр монголд суурь боловсрол гайгүй сайн олгосон юм шиг санагдаад байгаа юм. Одоогоор оюутнуудынх нь ярих нь муудаад л байгаа дуулдаад байгаа. Цөөн хэдэн жилийн өмнө бол овоо л байсан байх, манай сургуулийн төгсөгчид гадаадад сүрхий л яваад байгаа харагдах юм даа. Манийг элсэхээс өмнөх үед элсэгчид нь өөрсдөө ч бас гайгүй байж таарсан юм уу бүү мэд, одоо ч хэн дуртай нь гүйж орчихоод, дээр нь төлбөрийн асуудлаараа түрээ барьж, сургуулийг ч хөгжүүлэхгүй хүндрүүлээд, дам дамаа хэдэн багш нарыг ч ядууруулаад, гайгүй багш нар нь бултаж, гайтайнууд нь үлдээд, газрын гаваас ухаж гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй, гавал доторхоо сайтар шалгуулаагүй хэдтэйгээ тунаж үлдээд, зарим нь ч ядаргаа зүдэргээ, яршиг төвөгөөрөө дуудуулсаар, худалдагдах нь худалдагдаад, худал үнэнгийн жишээ ярьсан хэд нь хувийн амьдралаараа сүйрээд, төлбөрийн чадвар муутай, түмний хүүхдийг алаад хаячихаж байгаа л юм байх. хэхэ. Алуулалгүй үлдсэн нь Австралид ирж сурвал, англи хэлтэй улсуудад хүлээн зөвшөөрөгдөх боловсролын зэрэгтэй болж байнаа л гэсэн үг. Уул нь Монголд сайн сургууль, сайн багш, сайн оюутан мэдээж байгаа л гэж боддог доо.

Австралид бол харин дээд боловсрол гээч нь барж дийлдэшгүй үнэтэй, аав ээжийн дэмжлэг муутай ард түмний ядуу хүүхдүүд нь бол мэдээж хамаг мөнгөө шавхаж соруулсаных арай ч бас хавтгайрсан гажуудал үүсгэхээ бодохгүй л дээ. Тэгээд ч дээд сургуулийн багш нар цалин ч өндөр, дээрээс нь сургууль өөрөө сурч боловсрох багаж, техник, орчин нөхцөлийг нь дээд зэргээр хангах чадамжтай болохоор суралцагчид нь л өөрсдөө өөдтэй байвал сурсан шиг сурах шанс нь өндөр байна шүү. Монголоос гайгүй сурах чадвартайнууд нь ирвэл гялалзаад л явчихна, гадныханаас ер дутахгүй. Австралид сурахад хүнд хэцүү байна гээд байгаа хүмүүс Монголд өөрийгөө бага дайчилсан эсвэл мэргэжлээрээ ахих боломж муу байсан бүр эсвэл мэргэжлээсээ арай өөр чиглэлээр суралцсан байдаг байх. Зөвхөн гадаад хэл дээр, мөн зав муутай байдаг байсан гэх мэт бэрхшээлүүдийг эс тооцвол сургуулиа гайгүй дүнтэй амжилттай дүүргэсэн гэхэд болно.

Ажилд авсан компани маань намайг оюутан гэж мэдэж байсан болохоор их юм горьдож, мэргэжлийн хүмүүс шиг тарчилгалгүй бүх юмаа сайхан зааж өгч нэг ёсондоо практик дадлага муутай надад их л хэрэг болсон доо. Өмнө нь мэргэжлээрээ өөдтэй юм хийж сүйд болж байсан биш. Сурахын хажуугаар олон цаг ажиллах эрхгүй болохоор тал цагаар цалинжихад хүрч байсан санагдана. Бушуухан л төгсөж санаа амарсан даа. Төгсөгчид ажил хайхгүй удчихаараа бүүр ч асуудалтай болдог юм гэсээн. Яг төгсөх гэж байгаа юм уу, төгсөөд удаагүй хүмүүс л гайгүй шанстай, төгсөөд их удчихаар Professional ч биш, Junior ч биш аль ч үгүй алийгаа алддаг болтой харагддаг.

Барууны боловсролын систем

Бид гадныханыг их тэтгэлэг өгдөг, ядуу айлын хүүхдэд ч сурах боломж олгодог гээд сайрхдаг. Тэгвэл Монгол шиг ингэж баахан ядуу оюутнуудаа бүгдийг нь тэтгэж, хэт харж үздэг боловсролын байгууллага Австралид бараг үгүй. Австралийн дээд сургуулиудын нэхэж байгаа төлбөрийнх нь хэмжээ Австраличуудыг нь ч айлгадаг болохоор бүгд бүгдээрээ дээд сургууль руу хошуурахгүй юм. Ухамсараараа залуучууд нь өөртөө таарсан юмаа олж хийгээд, би сурдаг хүн, төр засаг харж үз энэ тэр гэхгүй юмаа.

Австраличууд голдуу өөрсдөө л төлбөрөө олно, эсвэл сургалтын зээлээ хөөцөлдөнө. Ээж аав нар нь дээд боловсролынх нь мөнгийг тэр бүр өгөх гээд байхгүй, Монголчууд шиг хариуцлага энээ тэрээг нь өөрсөд дээрээ үүрэхгүй, залуус өөрсдөө л хариуцлагаа ухамсарлаад ихэнх нь насанд хүрээд гэрээсээ хол амьдрана, ээж аавыгаа туслах ёстой энэ тэр гэж шаналгахгүй, гомдоллохгүй. Оюутнуудын ихэнх нь HECS гэж төрийн сангийн зээлээ насаараа шахуу төлж байж дуусгадаг юм гэсэн, бараг хүүгүй шахуу, гэхдээ банкууд ч бас жилийн 0,1 хувийн хүүтэй ч билүү их л гайгүй зээлүүд өгөөд л байгаа харагддаг, ирээдүйн орлогоос нь төлүүлдэг, орлого олохгүй л бол болохгүй байдалд хүргэдэг шиг байгаа юм.

Бас төр засаг нь оюутнуудыгаа суралцаж байх үедээ олж болох орлого тал дээр л анхаарч татварын хөнгөлөлт олгох, ажил хийх боломжуудыг нь л дэмжинэ үү болохоос хэдийн зардалаар яаж хэмнэж, ямар дотуур байранд амьдрах нь хамаагүй бололтой.

Эндэхийн оюутны дотуур байрууд хамгийн үнэтэй, бүх төрлийн үйлчилгээтэй, сургуульдаа ойр. Цөөн оюутнуудаасаа цуглуулж авсан ИХ мөнгөөрөө сургалтын орчин болон чанарыг сайжруулж, бусдад хэрэгтэй бүтээл гаргуулах бүх тоног төхөөрөмж, материалаар хангах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол олгох тал дээр нь анхаарах бололцоо үүсгэдэг юм байна. Тэгвэл өнөөгийн Монголын боловсролын байгууллага чадамжынхаа дээд хэмжээнд үйлчилж, хүнд хэцүү, ядуу байдалд ч үйлчилсээр байгааг нь би хувьдаа бахархууштай үйл хэрэг гэж үздэг болоод байна.

Манайхан эхлээд сургуульдаа орчихдог, дараа нь төлбөрөө яах вэ гэдэг бол эндхийнхэн эхлээд санхүүгийн чадамжаа тодорхойлно, дараа нь боломж нь бүрдэхээр л сурна. Монголд 20-той дээд боловсролтой хүмүүс байж л байдаг. Энд бол 25 хүрч байж нэг юм төгсөж чадсан байвал их юм. 25 хүртэлээ иргэд нь хүүхэд залуусын тоонд орж Youth Allowance гэж юм Centrelink-с авах эрхтэй байдаг шиг байна лээ, гэхдээ эднийхэн учиргүй тэгж ядуу ангилал руу орж, тэтгэмж аваад байхаа урьтал болгодоггүй юм шиг санагдсан шүү. Бидэнд бас тиймэрхүү Монгол омогшил бас хэрэгтэй л байна даа. Тэгэхгүй бол ичихгүй, нэн ядуу ангилал руу нь орчих санаатай үзээд байдаг, ямар нэг сул мөнгө, хангамж, тэтгэмж авчих гээд байдаг гаж үзэгдэл газар аваад байгаа дуулдаад байна, хэхэ. Үнэгүй юм угаасаа л онцгүй ш дээ, үнийг нь төлөөд сурчихвал хаа хаанаа амар л баймаар.

Монголын оюутнууд дэлхийн жишигт нийцсэн сургалтын чанар шаардахын тулд дэлхийн жишигт нийцсэн үнэ төлөхөд хүрнэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй байдаг юм байна. Дэлхийн жишигт нийцсэн профессоруудыг хэдээр цалинжуулах гээд гуйгаад явах вэ гэдэг нь бодохоор л асуудал. Бас Монгол оюутнуудад амьжиргаагаа даагаад явах бололцоо үүсгэж, тэдэнд ямар их потенциал байгааг үнэлэн, Монгол улс, Дээд сургуулиуд хүн капиталаа ашиглаад оюутнуудаа мэргэжлийнхээ талбарт практик дадлагатай болох, нийгэмд баялаг бүтээхэд нь илүү түлхэц өгвөл зүгээр санагдаад байгаа юм. 8a-professional-job

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “8-Why studying?”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Hello,
Iim ih heregtei medeelllig bas ih unshihad sonirholtoi bolgoj bichsen tand bayarlalaa. Zarim neg asuh zuil bainaa. Meddegee huvaaltsaach, plz. Ali surguuli ruu shcolarship gej hootsoldvol chance ih baidag bol (seems the chance will be doubled or even tripled for master level of study, but again it will depend on what major you are pursuing on – tee). (Nosy tsarailaad taniig yamar chigeleleeer sursaniig asuuj boloh uu? barimjaa avah gesen yum) Nad met ni ter AusAid -d tsagaa ureed hereggui baina gedeg dugnelted hursen.
Ta tuition and fee hemneh tuhai durdasan baisan. ter talaar delgerengui nariin medeelel haanaas olj avah vee. Ene talaar helj ogch tuslaach. Urdnii hunii experience uneheeer ih heregtei yum baina gedgiiig end USA-d community college-d neg jil surahdaa mash sain oilgoj avsan. aldsan ch yum ih bii bas nadad meddegguigeesee. Tegeed odoo huneees ih asuudag boljiigan. Urid ni USA l gej baahan medeelel tsugluulsnaas bish Australia-n tuhai and surguulinh ni tuhai haritsangui baga medeelel haij baisan yum baina. za sorry ganst bichihdee taniiig buun general asuultaar bombard-chihlaa. taniig hariu bichiheer nemeed asuuuj bolohuu? THANK YOU Odko from WA, USA

angli heltei, academic uzuulelt saitai bol au-n 39 uni-n zarlaj bui scholarshipuud bolon busad au-n scholarship-s Deadline-g ni harj baigaad apply-daad uzej bolno shuu dee. mglchuudiin huvid ph.d-r tetgeleg huviaraa hootsoldood avchihsan humuus ih baidag. master-n tetgelegtei students-n huvid golduu mgl-s irehdee zohitsuulsan baidag.
Scholarship hesgeer zochilj uzsen u. Hailt ene tertei holbootoi yum bgaa bh. http://gegeen.wordpress.com/category/scholarship/

AUSAID-nhiig toriin alban haagchdad olgoj bgaa tul ta tsagaa ureh hereggui.
http://gegeen.wordpress.com/category/educationenglish/
http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/
hesguudeer zochlooroi.

deerh medeelliin ezen ruu ni majoring-ee yavuul gej @dsen bolno. ooroo medeellee daraa oruulah bailgui dee.
tolbor hemneh ene ter chini scholarshiptei yamar hamaatai bilee? usa-d uzej baisan hicheeluudee nemj uzehguigeer credit transfer hiilgeh tuhai asuusan yum u. Usa-n edu sys bas tostei baihaa. Credit tsugluulaad ter ni hureheeree togsdog. Zarim credit-g sportiin amjilt, esvel omnoh degreegeesee olj avch boldog tuhai bichsen baisan baihaa.

Nemj asuuh yum bii bol gegeen@gegeen.com , gegeen@yahoo.com -r yavuulaarai.

All the best for u-r academic career!

– Gegeenee’s little helper

Hey Thank you so much for the response,

I sent an email to above mentioned email address for more information and hope i can get an answer before long.

Best wishes,

Odko


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: